НАТО болон Европын холбоо хамтран ажиллана
2023-01-11 10:52:47
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НАТО болон Европын холбоо энэ сарын 10-ны өдөр Европын хамтын хамгаалалтыг бэхжүүлж, аюулгүй байдлын заналхийллын эсрэг арга хэмжээ авах зориулалттай хамтын ажиллагааны тунхагт гарын үсэг зурав.

10-ны өглөө НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нар НАТО-гийн төв байранд болсон тунхагт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Энэ нь НАТО-ЕХ-ны гурав дахь тунхаг бөгөөд өмнө нь 2016, 2018 онд хамтын тунхаг гаргаж байсан. Энэ удаад  хоёр тал хамтын ажиллагааныхаа агуулгыг шинэчилсэн байжээ. Шинэ тунхагт Европын холбоо болон НАТО-гийн геостратегийн өсөн нэмэгдэж буй өрсөлдөөн, чухал дэд бүтцийг хамгаалах, шинээр гарч ирж буй хүчирхэг технологи, сансрын орон зай, уур амьсгалын өөрчлөлтийн аюулгүй байдлын үр дагавар, гадаадын мэдээллийн нөлөө болон хөндлөнгийн оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Европын зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Йенс Столтенберг хэлэхдээ, “НАТО болон ЕХ-ны стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. НАТО болон ЕХ 2023 онд Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх болно” гэжээ.