Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь энэ сарын 12-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон улсын хууль эрхзүйг бэхжүүлэх асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцохдоо Хятадын талын зарчмын байр суурийг тайлбарлав. Жан Жүнь хэлэхдээ, "Олон улсын хуульзүйн асуудлаар давхар стандарт хэрэгжүүлэх, ялгаварлан онцолж буйг анхаарах ёстой" гэжээ.
Мөн тэрбээр, "Дэлхий ертөнц эгзэгтэй байдалд байгаа энэ үед олон улсын хууль дүрмийг бэхжүүлэхийн бодит ач холбогдол улам бүр тодорхой болж байна. Олон улсын хуулиар засаглахыг бэхжүүлэхийн тулд эрхзүйн эрх мэдлийг дээдэлж, маргааныг яриа хэлэлцээ, зөвлөлдөөнөөр шийдвэрлэхийг дэмжих ёстой. Олон улсын дүрмийг бүх улс орнууд хамтдаа боловсруулан тогтоож баримтлах ёстой. Том жижиг, хүчирхэг буурай, баян ядуу гэлтгүй бүх улс орон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш гишүүд юм" гэж онцоллоо.
Хурлын үеэр АНУ-ын төлөөлөгчийн Хятадын эсрэг үндэслэлгүй буруутгалын хариуд Жан Жүнь хэлэхдээ, "Америк шударга өрсөлдөөн, зах зээлийн эдийн засгийн зарчим, олон талт худалдааны дүрмийг зөрчиж бусад орны дэвшилтэд технологийн компаниудыг янз бүрийн шалтгаар дарамталж, дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд саад учруулж байна. Энэ нь бусад орны хууль ёсны хөгжлийн эрх, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхлыг алдагдуулж буй төдийгүй олон улсын хууль зүйн зарчимтай сөргөлдөж байна" гэлээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, "Зарим улс "Дүрэмд суурилсан олон улсын дэг журам" гэдгийг хөөрөгдөж буй нь одоогийн олон улсын эрхзүйн тогтолцооноос гадуурх тогтолцоог бий болгож, өөрсдийн ашиг сонирхолдоо чиглүүлэн өөрийн стандарт, хүсэл зоригийг бусдад тулгах явдал юм. Хэрэв энэ аюултай хандлага үргэлжилбэл дэлхий нийтээрээ эрх мэдлийн улс төрийн эрин үе рүү буцах болно. Энэ байдалд дэлхийн энх тайвныг эрхэмлэгч бүх хүмүүс сонор сэрэмжтэй байх ёстой" гэв.