Хятад Монголын хилийн боомтод амьдрал буцалж эхэллээ
2023-01-13 16:07:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс халдвар хамгааллын бодлогодоо өөрчлөлт оруулсны үр дүнд гурван жилийн турш зорчигчдод хаалттай байсан Хятад Монголыг холбосон Эрээн боомт энэ сарын 8-наас дахин зорчигч нэвтрүүлж эхэллээ. Тухайн өдөр Жэн овогт Хятад худалдаачин хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Гурван жилийн дараа дахинтаа Эрээн-Замын-Үүд боомтын хооронд зорчиж байна. Автобуснаас буугаад шалган нэвтрүүлэхээр өнгөрөхөд цаг хүрэхгүй хугацаа зарцуулсан. Хил гаалийнхан маш шуурхай ажиллаж байна" гэжээ.

Монгол улсын Дорноговь Аймгийн Засаг дарга Батжаргал хэвлэл өгсөн ярилцлагадаа, "Замын-Үүд-Эрээний боомт хүмүүсийг нэвтрүүлж эхэлсэн нь иргэд аж ахуйн нэгжийн бизнесийн хэлхээ холбоог нэмэгдүүлж, бараа таваар олширч, улмаар тэнгэрт хадаад буй барааны үнийг бууруулах болно. Энэ нь Монгол улсын хэрэглэгчдэд таатай баярын мэдээ болж буй юм" гэжээ.

Эрээн-Замын Үүдийн боомт бол Хятад Монголын авто зам, төмөр замын хамгийн том боомт бөгөөд цар тахлын гурван жилийн турш хилийн боомтуудаар зорчигч нэвтрүүлэхийг хориглосоор ирсэн юм. Энэ нь хоёр орны хүмүүсийн хэлхээ холбоог тасалдахад хүргэж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж, түүгээр ч зогсохгүй цар тахлын эхний үед Монгол улс нэг үе хүнсний нарийн ногооны дутагдалд орж байсан юм. Гэвч цар тахлын гурван жилийн турш хоёр талын хамтын хүчин чармайлтаар ачаа тээвэр тасалдаагүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, хүнсний ногоо жимс жимсгэнэ, эм эмнэлэг эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн хэвийн тээвэрлэгдэж ирсэн билээ.

Өнгөрсөн гурван жилд Монгол Хятадын иргэдийн хамгийн түгээмэл асуулт бол хоёр орон хэзээ хилээ нээж зорчигч нэвтрүүлж эхлэх вэ гэсэн асуулт байлаа. Үнэхээр ингэж асуухаас ч аргагүй, цар тахал дэгдсэн гурван жилийн турш хоёр орны бизнес эрхлэгчид, оюутан сурагчид, жуулчид гээд маш олон хүн хилээ нээх өдрийг хоног тоолон хүлээсээр ирсэн юм. Удаан хүлээсний эцэст хил нээгдэж хүмүүс нэвтэрч эхэлсэн болохоор хоёр орны хүмүүсийн хэлхээ холбоо цар тахлын өмнөх үе шигээ эргэн сэргэх биз ээ.

Монголын улсын Хятад судлаач Баатархүү хэлэхдээ, "Цар тахлын гурван жилд Монгол Хятад хоёр орон харилцан бие биенээ дэмжин туслалцаж, зовлон жаргалаа хамтатгаж, цар тахалтай хичээж тэмцсэний үр дүнд хоёр талын харилцаа, ялангуяа эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд сайн сайхан нөхцөл бүрдүүлж өгсөн юм. Хоёр тал халдвар хамгааллын ажлыг сайн хийж, ногоон гарц ажиллуулж, албаны хүмүүс болон ачаа тээвэр зэрэг яаралтай эд барааны тээвэрлэлтэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хоёр орны хооронд цар тахлаас болж учрах сөрөг нөлөөллийг чадлынхаа хирээр бууруулсаар ирсэн юм" гэжээ.

Саяхан Монгол улсын Дорноговь аймгийн нутагт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам байгуулагдаж дууссан. Монгол Хятадын хоорондох Ханги-Мандлын боомт нь Замын-Үүд-Эрээний боомтын дараах төмөр замын ачаа тээврийн бас нэг чухал томоохон боомт болох цаг удахгүй. Монгол улсын Хятад судлаач Баатархүү хэлэхдээ, "Энэхүү төмөр зам нь Монгол улсын нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, Монгол улсын эдийн засгийн хөгжилд шинэ зам гаргах болно" гэж илэрхийлжээ.

Ташрамд хэлэхэд, Хятад улс арван хэдэн жилийн турш Монгол улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд 2021 онд хоёр орны худалдааны хэмжээ анх удаагаа 10 тэрбум ам долларт хүрчээ. 2022 онд Монгол Хятадын эдийн засаг худалдааны хэлхээ холбоо цаашид сэргэж, хоёр орны худалдааны хэмжээ шинэ амжилт тогтоож, хоёр орны худалдааны хэмжээ 20 тэрбум ам доллар хүрэх болно.

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Зам нээгдэж, зорчигч болон ачаа тээвэр нэмэгдсэнээр Хятадын Монголын хилийн нутгаар амьдрал буцалж эхэллээ.