Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 7 нас хүрэв
2023-01-16 10:14:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын санаачлан байгуулсан анхны олон талт хөгжлийн байгууллага болох Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа эхлүүлсний долоон жилийн ой энэ сарын 16-нд тохиолоо. Долоон жилийн хугацаанд тус банк нь 30 гаруй орны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, тухайн нутгийн ард олны амьдралыг сайжруулжээ.

Тоо баримтаас үзэхэд, 2016-2022 онуудад дэд бүтцийн бүтээн байгуулалт, тухайн нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах, ард олны амьдралыг сайжруулах чиглэлээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь 202 төслийн зөвшөөрлийг баталж, 38.8 тэрбум гаруй ам.долларын санхүүмжилт олгож, 130 тэрбум шахам ам.долларыг хөрөнгийн хөшүүргээр ашигласан нь эрчим хүч, зам харилцаа, ус ашиглалт, мэдээлэл холбоо, боловсрол, олон нийтийн эрүүл мэндийн салбарын дэд бүтцийн тогтвортой бүтээн байгуулалт хийгээд гишүүдийн эдийн засгийн ногоон хөгжлийн сэргэлтийг дэмжиж, төслүүд дэлхийн 33 улс оронд хэрэгжжээ.

2015 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч 57 гишүүн орон Бээжинд “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хэлэлцээр”-т гарын үсэг зурж, тус банкыг албан ёсоор байгуулсанаа зарласан байна. 2016 онд тус банк албан ёсоор ажиллаж эхэлсэн бөгөөд үүнээс зургаан сарын дараа нь хөрөнгө оруулалтын эхний бүлэг төсөлд зөвшөөрөл олгосон юм. Азийн дэд бүтцийн хөрөнхгө оруулалтын банк нь олон улсын үнэлгээний байгууллагын зээлжих эрхийн хамгийн өндөр буюу AAA зэрэглэлийг ямагт хадгалсаар иржээ.

Эдүгээ Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь дэлхийн зургаан их тивийн 106 гишүүнтэй болсон нь дэлхийн нийт хүн амын 81 хувь, ДНБ-ний 65 хувийг хамарч, гишүүдийн тоогоор зөвхөн Дэлхийн банкны дараа орох олон улсын хоёрдогч том олон талт хөгжлийн байгууллага болсон байна.



\Уртнасан\