2023 оны Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын чуулган 20-ны өдөр Давост хаалтаа хийв. ДХБ-ын ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала хурлын дараа Хятадын төв радио телевизид өгсөн ярилцлагадаа: "Өнөөгийн дэлхий нийтэд тулгарч буй асуудлыг бодитоор шийдвэрлэхийн тулд цаашид урьд өмнө байгаагүй хамтын ажиллагааг эхлүүлэх ёстойг Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын чуулган дэлхийн хамтын нийгэмлэгт сануулав" гэжээ.
Ивеала ярилцлагадаа: "Дэлхий нийт цар тахлын нөлөөнөөс бүрэн ангижирч чадаагүй ч нөхцөл байдал улам сайжирч байгаа төдийгүй Хятад улс нээлттэй байдлаа сэргээж байгаа нь дэлхий дахинд эерэг хүчин зүйл болж байна" гэжээ.
Ивеала: "Юуны өмнө Хятад улс дотоодын хэрэглээний эрэлт хэрэгцээгээ хангаж байгаа бөгөөд боловсруулах аж үйлдвэр хэвийн байдлаа сэргээж байна. Тиймээс энэ нь дэлхийн эдийн засагт сайнаар нөлөөлөх болно. Ерөнхийдөө энэ нь эерэг зүйл бөгөөд Хятад улс бол дэлхийн өсөлтийн хөдөлгүүр учраас нээлттэй байдлаа сэргээх нь сайн үйл явдал" гэжээ.
Ивеала мөн хэлэхдээ: "Олон талт үзэл нь дэлхий дахинд хөгжил цэцэглэлтийг авчирч, даяаршил нь нэг тэрбум гаруй хүнийг ядуурлаас гаргаж, Хятад, Европ, Америк болон дэлхийн ихэнх бүс нутагт эерэг нөлөө үзүүлсэн, Хятад улс ч интегралчлалын хөгжлийн шатандаа ихээхэн амжилт олсон" гэжээ.