Энэ сарын 24-нд Филиппиний аялал жуулчлалын яамны сайд Кристина Гарсиа Фраско, Хятадаас Филиппинд суугаа элчин сайд Хуан Шилянь нар Манилагийн олон улсын нисэх онгоцны буудалд биечлэн очиж, туулай жилийн Хятадын анхны жуулчдыг угтан авлаа.
Кристина Фраско хэлэхдээ: "Хятадын жуулчид Филиппинд хүрэлцэн ирсэн нь шинэ оны азтай, сайхан гараа болж байна. Мөн Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркосын энэ сарын 3-нд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын эерэг нөлөөг харуулж байна. Хятад найз нөхөд дуртай цагтаа Филиппинд хүрэлцэн ирэхийг сайшааж байна” гэжээ.
Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны энэ сарын 20-нд нийтэлсэн Хятадын иргэдийн холбогдох улс орон руу аялах тухай мэдэгдэлд дурдсанаар, аялахыг зөвшөөрсөн эхний 20 орны жагсаалтад Филиппин, Тайланд, Индонез, Камбож, Малайз, Сингапур, Лаос зэрэг АСЕАН-ы орнууд, түүнчлэн Шри Ланка, Мальдив, Арабын Нэгдсэн Эмират улс, Египет, Кени, Өмнөд Африк, Орос, Швейцарь, Унгар, Шинэ Зеланд, Аргентин, Куба, Фижи зэрэг орон багтжээ.
2019 онд Филиппин улс нийт 8.26 сая хилийн чанадын жуулчдыг хүлээн авснаас 1.74 сая нь Хятадын жуулчид байж, 21.10 хувийг эзэлжээ.