Хаврын баярын амралтын сүүлийн өдөр буюу энэ сарын 27-нд амралтаар аялсан зорчигчдын буцах аяны оргил үе эхэллээ. Мөн өдөр Хятад улсын төмөр замаар давхардсан тоогоор 12.1 сая аянчин зорчжээ.
Хятад улсын хурдны авто замаар зорчсон машин унаа 26, 27-нд хоёр хоног дараалан өдөр бүр давхардсан тоогоор 50 саяас давав. Олон газруудын замын хөдөлгөөн, ялангуяа гол замуудын машин унааны урсгал багширч, хувийн машинаар гадагш зорчих эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдсэн нь энэ оны цагаан сарын зорчигч тээврийн гол онцлог байсан бөгөөд хувийн машинд гэр бүлүүд нийлж аялсан байдал нэмэгджээ. Сүүлийн хоёр хоногт авто замын сүлжээ өндөр ачаалалтай ажилласан боловч ерөнхийдөө тогтвортой, эмх цэгцтэй байв.
Иргэний агаарын тээврийн хувьд, тус баяр амралтын хугацаанд давхардсан тоогоор 9 сая гаруй жуулчин зорчих төлөвтэй байна. Энэ сарын 27-нд Бээжингийн "Нийслэл" нисэх онгоцны буудалд 907 удаагийн нислэг товлоогдсон нь давхардсан тоогоор 118 мянган зорчигч аялна гэсэн үг юм. "Да Шин" олон улсын нисэх буудал мөн өдөр 789 удаагийн нислэг төлөвлөсөн нь 112.5 мянган зорчигчид үйлчлэх тооцоо юм.
Цагаан сарын баяр амралтын үеэр Хятад улсын усан тээврээр 5 сая 192.2 мянган зорчигч аялах төлөвтэй байгаа нь ноднингийн цагаан сарын үеэс 92.49 хувиар нэмэгджээ. Хятадын Төрийн Зөвлөлийн Цар тахлын халдварыг сэргийлэн хянах нэгдсэн механизмын Цагаан сарын зорчигч тээврийн ажил хариуцсан ажлын хэсгийн статистикээс үзэхэд, нэгдүгээр сарын 27-ныг хүртэл Хятад улсын төмөр зам, авто зам, усан тээвэр, агаарын тээврээр давхардсан тоогоор нийт 780 сая гаруй зорчигч аялжээ.
\Уртнасан\