Хятад улсын дотоодод давхардсан тоогоор 308 сая хүн аялан жуулчилж, дотоодын аялал жуулчлалаас 375 тэрбум 843 сая юанийн орлого олсон нь ноднингийн мөн үеэс тус тус 23.1, 30 хувиар нэмэгдэж, хаврын баярын амралтын хугацаанд театрт гарсан киноны тасалбар нийт 6 тэрбум 758 сая юань хүрсэн нь ноднингийн мөн үеэс 11.89 хувиар өсөж, Хятад улсын Цагаачлалын хяналт удирдлагын байгууллагын хянан бүртгэсэн хилээр нэвтэрсэн хүний тоо ноднингийн мөн үеэс 120.5 хувиар нэмэгджээ. Туулай жилийн хаврын баярын амралтын хугацааны тоо бүртгэлээс харахад Хятад улсын эдийн засаг сайн гараан дээрээ байна.
Энэ жилийн хаврын баяр нь Хятад улсын цар тахлын сэргийлэлт хамгаалалтад шинэ зохицуулалт хийсний дараах анхны хаврын баяр болсон бөгөөд бодит тоо бүртгэлүүд Хятад улсын хэрэглээ эрч хүчтэй, өрнүүн байгааг харууллаа. АНУ-ын CNBC сайт энэ сарын 27-нд үнэт цаасны “Nomura” байгууллагын холбогдох тайлангаас иш татан мэдээлэхдээ “Хятад улсад маш олон хүмүүс аялж жуулчилж, салютын үзүүлбэр сонирхож, гуанз ресторан зочид буудлаар үйлчлүүлж буй тул эрэлт хэрэгцээ илт сэргэн өргөжиж байна” гэж мэдээлжээ.
Хэрэглээ нь олон жилийн туршид Хятад улсын эдийн засгийн нэгдүгээр хөдөлгөх хүч байсаар ирсэн юм. Гэхдээ цар тахал олон газарт дэлгэрсэн 2022 онд Хятад улсын хэрэглээний зарлага нь эдийн засгийн өсөлтөд 32.8 хувийн хувь нэмэр оруулсан нь хөрөнгө бий болох 50.1 хувийн хувь нэмрийн үзүүлэлтэд хүрсэнгүй. Ноднин жилийн сүүлчээр хуралдсан Төв хорооны Эдийн засгийн ажлын хуралдаанд, 2023 онд хэрэглээг сэргээх, өргөжүүлэхийг хамгийн түрүүнд чухалчлах хэрэгтэй гэж тодорхой дурдсан юм. Хятад улсын цар тахлын халдварын сэргийлэлт хамгаалалтын бодлого шинэ шатанд шилжсэнийг дагалдан олон газар орон хэрэглээний талон тараах, “Цагаан сарын бараа бүтээгдэхүүний баяр” зэрэг хэрэглээг дэмжих багц арга хэмжээ өрнүүлж, түүнчлэн Хятадын Худалдааны яам 2023 оныг “Хэрэглээг сэргээх жил” болгожээ. Олон хүчин зүйлийн ерөнхий нөлөөллөөр энэ оны хаврын баярын “Алтан долоо хоног”-т хэрэглээ урьд өмнөх адилаар ид нэмэгдэж, дэлхий нийтэд ч Хятад улсын хаврын баярын ашиг тусаас хуваалцсан байна.
Үүний зэрэгцээ Хятад улсын олон жуулчид хилийн чанадад аялан, гадаад дахь “Хятад улсын хаврын баяр”-ын уур амьсгалтай танилцжээ. Хятад улсын жуулчдын хаврын баярын хугацаанд хилийн чанадад жуулчилсан захиалгын нийт хэмжээ ноднингийн мөн үеэс 640 хувиар өссөнийг холбогдох платформын статистикт харуулжээ. Хятад улсын олон сая жуулчид хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа нь дэлхийн олон газрын зочид буудал, аялал жуулчлалын салбар хийгээд бизнес худалдаа тогтортой сэргэхэд түлхэц болох юм гэж гадаадын зарим мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
\Уртнасан\