Турк улсад газар хөдөлж олон хүн энджээ
2023-02-06 16:17:58
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн зүүн өмнөд хэсэгт энэ сарын 6-ний өдөр хүчтэй газар хөдөлсөн хэмээн тус улсын Гамшиг, онц байдлын агентлаг мэдэгджээ. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар, газар хөдлөлтийн улмаас 50 гаруй хүн эндэж, олон хүн бэртэж, барилга байшин нурсан байна.

Кахраманмарас мужид орон нутгийн цагаар энэ сарын 6-ны өдрийн 4:17 цагт 7.4 балл, Газиантеп мужид 4:26 цагт 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөх үед ойр орчмын хэд хэдэн мужид хүчтэй чичрэлт мэдрэгджээ. Мөн АНУ-ын Геологийн байгууллагын Газар хөдлөлтийн мэдээллийн сүлжээ Туркт 7.8 баллын хүчтэй газар хөдөлсөн хэмээн мэдээлэв.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн өдөр хэлэхдээ, “Туркийн холбогдох байгууллагууд шуурхай ажиллагаа эхлүүлж, газар хөдлөлтийн бүсэд эрэн хайх, аврах багийг илгээлээ” гэжээ. Туркийн Дотоод хэргийн сайд Сойлу, “Гамшгаас аврах яаралтай тусламж хамгийн шуурхай байдлаар ажиллаж байна” гэв.

Туркээс гадна Ливан, Сири зэрэг улсад ч газар хөдлөлт бүртгэгджээ. Ливаны "Orient-Today" цахим хуудсанд мөн өдөр Ливан-Туркийн хилийн ойролцоох газруудад илт газар хөдлөлт мэдрэгдэж, оршин суугчид аюулаас зайлсхийхийн тулд гудамж руу гарсан хэмээн мэдээллээ. Харин Сирийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын Алеппо, Хама, Латакиа зэрэг нутагт газар хөдлөлтийн улмаас 42 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ.

Турк улс газар хөдлөлтийн өртөмтгий бүсэд оршдог.  2011 онд Туркийн зүүн хэсэгт орших Ван мужид 7.2 баллын хүчтэй газар хөдөлснөөс 644 хүн амиа алдсан юм.  2020 онд Туркийн баруун хэсэг дэх Эгийн тэнгист 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 116 хүн амь үрэгджээ.