Ирак, Орос хамтран ажиллана
2023-02-07 10:03:36
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 6-нд Иракийн нийслэл Багдадад айлчилж очсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг тус улсын ерөнхийлөгч Абдул Латиф Рашид хүлээн авч уулзав. Хоёр тал эдийн засаг, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа сайжруулна хэмээн мэдэгдэв.

Мөн өдөр Иракийн ерөнхийлөгчийн ордноос нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, Иракийн ерөнхийлөгч Рашид ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровтой уулзахдаа, "Ирак хамтын ашиг сонирхлыг биелүүлэх замаар бүх оронтой тэнцвэртэй харилцаа тогтоохыг эрмэлзэж байна. Ирак, Орос хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа ахиулж, хамтын анхаарал хандуулж буй асуудлаар зохицуулан зөвшилцөх шаардлагатай байна" гэжээ. Яриа хэлцэл хийх, хямралаас зайлсхийх, энх тайвныг эрхэмлэх зэрэг Иракийн байр суурийг Лавров өндрөөр үнэлж, хоёр орны харилцааг бэхжүүлж, эдийн засаг, цэргийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Оросын тал бэлэн байгаагаа илэрхийлэв.

Иракийн Ерөнхий сайдын Хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдэгдэлд, хоёр орон терроризм болон хэт даврагч үзэлтэй тэмцэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж, харилцаа холбоо болон мэдээллийн зохицуулалтыг бэхжүүлэх нь маш чухал юм хэмээн Иракийн ерөнхий сайд Судани болон Лавров санал нэгтэй үзсэн гэжээ.

Энэ сарын 5-ны өдөр Лавров Иракт хийх хоёр өдрийн албан ёсны айлчлалаа эхлүүлсэн юм.