Ши Жиньпин Ираны ерөнхийлөгч Ибрахим Раситай хэлэлцээ хийлээ
2023-02-14 20:37:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 2 сарын 14-нд Ардын их хурлын ордонд Ираны ерөнхийлөгч Ибрахим Раситай хэлэлцээ хийлээ.  

Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад Иран найрсаг харилцаатай улсууд. Манай хоёр орны харилцаа олон сорилтыг даван туулсан. Олон улсын нөхцөл байдал ороо бусгаа энэ цаг үед Хятад Иран улс нэгнээ дэмжиж, эв санаа нэгтэй байж,  цар тахлын эсрэг ч хамтдаа тэмцэж ирсэн юм. Тэрчлэн стратегийн харилцан итгэлцэл бэхжиж, хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, нийтлэг ашиг сонирхол дээрээ нэгдэж, Хятад Ираны түүхийн шинэ хуудсыг бичиж байна. Манай улс хоёр орны харилцааг стратегийн түвшинд үзэж ирсэн. Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд өөрчлөлт гарлаа ч Хятад улс Ирантай найрсаг хамтын ажиллагаагаа гуйвалтгүй хөгжүүлж,  хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, дэлхийн энх тайвны хөгжилд идэвхтэй байр суурь баримтлах болно” гэж хэллээ. 

Ираны ерөнхийлөгч Ибрахим Раси хэлэхдээ, “Иран Хятадын харилцаа олон сорилтыг давж гарсан. Тусгаар тогтносон хоёр том орны хувьд, Иран Хятад харилцан хүндэтгэх үзэл баримтлалд тулгуурласан стратегийн түнш юм. Энэхүү иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг Иран улс  гуйвалтгүй мөрдөх болно. Хятад улстай бүх шатны солилцоог эрчимжүүлж, хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, худалдаа, дэд бүтцийн салбарт илүү ойр нягт ажиллахад манай улс бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Иран улсад  хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна. Хятадын жуулчид манай оронд зочлохыг урьж байна. Мөн түүнчлэн цар тахлын эсрэг бидний тэмцэлд Хятад улс харамгүй дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье. Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн асуудлаар шударга ёсны талд зогссон Хятад улсад талархаж байна. Хятад улсын "Бүс ба зам" санаачилга, “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” зэрэг бодлого хөтөлбөрийг Иран улс тууштай дэмжиж, төслүүдэд  идэвхтэй оролцоно” гэжээ.