Хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого нийтлэв
2023-02-14 11:20:38
Share
Share this with Close
youtube WeChat

21-р зуунаас хойшхи Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын ажлыг удирдан чиглүүлэх төв засгийн 20 дахь удаагийн нэгдүгээр тоот баримт бичгийг Синьхуа агентлаг энэ сарын 13-нд нийтэллээ.

Уг баримт бичиг нь "2023 онд хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үндсэн ажлыг бүх талаар ахиулах тухай ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн санал бодол" гэсэн гарчигтай бөгөөд үр тариа, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тогтворжуулах, хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн технологи, техникийг дэмжих, ядуурлаас ангижруулах ололт амжилтыг цаашид бэхжүүлэх, хөдөө тосгоны үйлдвэрлэлийг өндөр чанартай хөгжүүлэх, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх арга замыг өргөтгөх, амьдрахад таатай, үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг дэмжиж, хөдөө тосгоны засаглалын тогтолцоог сайжруулах, бодлогын баталгаа, тогтолцооны механизмын шинэчлэлийг бэхжүүлэх зэрэг нийт есөн хэсгээс бүрджээ.

Орчин үеийн социалист орныг бүх талаар бүтээн байгуулах хамгийн хүнд хэцүү ажил хөдөө орон нутагт өрнөсөөр байгаа бөгөөд дэлхий дахинд 100 жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүд ч тасралтгүй явагдсаар байна. Иймээс Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудлыг намын ажлын тэргүүлэх чиглэл болгон тууштай шийдвэрлэж, хөдөө тосгоны сэргэн мандалтыг бүх талаар ахиулахад нам, нийгмийн бүхий л хүчийг дайчлан, хөдөө тосгоны орчин үеийн шинэчлэлийг түргэтгэх шаардлагатай гэж Намын төв хороо үзэж байна хэмээн баримт бичигт дурдав.

Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийтлэг ядуурлаас сэргийлэх үндсэн зарчмыг тууштай баримталж, хөдөө тосгоны хөгжил, бүтээн байгуулалт, засаглал зэрэг гол ажлуудыг тууштай дэмжиж, хүчирхэг хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, амьдрахад таатай, үзэсгэлэнтэй хөдөө тосгоныг бүтээн байгуулах ёстой хэмээн баримт бичигт тэмдэглэжээ.