Энэ сарын 14-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл далайн түвшин дээшлэх, олон улсын энх тайван аюулгүй байдал зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь хэлсэн үгэндээ, “Уур амьсгалын дулаарлыг намжааж, далайн түвшний хурдтай өсөлтийг тогтоон барихын тулд шаардлагатай бүх арга хэмжээ авах"-ыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалав.
Жан Жүнь хэлэхдээ, “Санхүүжилт бол дэлхийн цаг уурын засаглалын гол цөм бөгөөд чухал асуудал байсаар ирсэн. Хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт, тусламж үзүүлэх үүрэг хариуцлагаа гүйцэтгэх ёстой” гэжээ.
“Олон талт үзлийг чанд баримталж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь цаг уурын өөрчлөлтийг даван туулах цорын ганц гарц юм” хэмээн Жан Жүнь онцлоод, “Хятад улс бол далайн эргийн урт шугамтай орон бөгөөд далайн түвшний өсөлтөөс үүдэлтэй эрсдэлд өртөнө гэдэгт санаа зовж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн өмнө Хятад улс байнга тууштай тэмцэгч байсаар ирсэн бөгөөд амлалтаа биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Хятад улс цаг уурын өөрчлөлтийн асуудлаар өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг дэмжигч, хэрэгжүүлэгч байсаар ирсэн. Иймээс Хятад улс дэлхийн цаг уурын засаглалд идэвхтэй оролцож, цаг уурын өөрчлөлтийн сорилтыг даван туулахын тулд талуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэжээ.