Сирид 397 сая ам.доллар хандивлахыг уриалав
2023-02-15 17:21:55
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 14-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш олон улсын хамтын нийгэмлэгт хандаж, газар хөдлөлтийн гамшигт өртсөн Сирийн иргэдэд хүмүүнлэгийн яаралтай туслалцаа үзүүлэх зориулалтаар 397 сая ам.долларын хөрөнгө хандивлахыг уриалжээ.

Мөн өдөр Антонио Гутерриш “Ойрын гурван сард энэ хөрөнгийг Сирийн 5 сая иргэдийн тулгамдаж буй түр орогнох байр, эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, хүнсний тусламж үзүүлэх зэрэгт зарцуулна. Мөн газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн иргэдэд зориулах хандивын төлөвлөгөө бэлтгэл шатанд орсон” гэжээ.

Газар хөдөлснөөс хойших хугацаанд НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан Турк болон Сирийн хүмүүнлэгийн ажиллагаанд зориулж 50 сая ам.доллар шуурхай олгожээ. Антонио Гутерриш хэлэхдээ, “НҮБ чадах бүхнээ хийж байгаа боловч тусламжийн хэрэгцээ асар их байгаа учир хүрэлцэхгүй байна. Газар хөдөлснөөс хойш 7 хоног өнгөрч, Сирийн нутагт олон сая иргэд өвлийн хүйтэнтэй нүүр тулж, орон гэргүй болсон тэд зовж зүдэрч байна” гэжээ. Иймд НҮБ-ын гишүүн орнууд болон хандивлагчдад хандаж, тусламж олгох зөвшөөрөл, хөрөнгө цуглуулах, шаардлагатай эд материал хүргэх зэрэгт зориудын саад тотгор учруулахгүй байж, гаслан зовлон амссан хүмүүст  хүмүүнлэг сэтгэл гаргах хэрэгтэй” гэж Антонио Гутерриш талуудад уриалав.

НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг зохицуулах газрын хамгийн сүүлд гаргасан мэдээлэлд “Сирийн 8.8 сая иргэн газар хөдлөлтийн нөлөөнд өртөж, баруун хойд бүс нутагт байдал хүнд ноцтой байна” гэж дурджээ.


\Уртнасан\