Малвинас арлууд дахь Аргентиний бүрэн эрхийн шаардлагыг нь дэмжинэ
2023-03-04 12:06:35
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар энэ сарын 2-нд Аргентиний Гадаад харилцааны сайд Сантиаго Кафиеро хэлэхдээ: Малвинас арлууд дахь бүрэн эрхийн маргааны асуудлаар Аргентин Их Британи хоёр орны 2016 онд тохиролцсон “Форадори-Данканы гэрээ”-г хүчингүй болгохоор шийдвэрлэснээ Аргентиний тал G20-ын гадаад харилцааны сайд нарын уулзалтын үеэр Их Британид албан ёсоор мэдэгдэв гэж хэлжээ. Тэрбээр Их Британийн талд хандан, НҮБ-ын ерөнхий ассамблейн 2065 тоот тогтоолын дагуу Малвинас арлуудын бүрэн эрхийн асуудлаарх хэлэлцээг дахин сэргээх ёстойг дурдсан байна. Энэ нь Аргентиний талаас Малвинас арлууд дахь бүрэн эрхийн талаар дурдсан зүй зохистой шаардлага учраас олон улсын хамтын нийгэмлэг үүнийг нь гуйвшгүй дэмжих нь зүйтэй байна.

“Форадори-Данканы гэрээ” гэдэг нь 2016 оны есдүгээр сард Аргентиний тухайн үеийн Гадаад харилцааны дэд сайд Форадори хийгээд Их Британийн Европ тив, Америк тивийн үйл хэрэг хариуцсан тухайн үеийн сайд Данкан нар Малвинас арлуудын асуудлаар нийтэлсэн хамтарсан албан мэдэгдлийг хэлж байна. Албан мэдэгдэлд хоёр талын албан тушаалтан Малвинас арлуудын асуудлаар нягт хэлхээ холбоотой байж, “Малвинас арлуудын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хязгаарласан бүх саад тотгорыг арилгана” гэж тохиролцсон байв. Энэ нь хүчин төгөлдөр гэрээ биш учраас Аргентинд бага бус маргаан дуулиан дэгдээжээ.

Сүүлийн жилүүдэд Аргентин улс Малвинас арлууд дахь бүрэн эрхийн маргааныг шийдвэрлэхийн тулд хичээн зүтгэж, НҮБ-ын холбогдох шийдвэрийг журамлан гэрээ хэлэлцээнд эргэн ирэхийг Их Британид удаа дараа шаардсан боловч Их Британи үүнээс татгалзсаар ирсэн. Ийм ч учраас “Форадори-Данканы гэрээ” бодит ач холбогдлоо алдсан хэмээн Аргентиний тал үзэж байна. 2022 оны дөрөвдүгээр сард Сантиаго Кафиеро Английн “The Guardian” сонинд нийтлэл гаргаж, бүрэн эрхийн маргаан оршоогүй, эсвэл хоёр талт харилцаанд нөлөөлөхгүй мэтээр овлох нь “гэнэн бодол” гэдгийг Их Британид сануулжээ. Ерөнхийлөгч Алберто Фернандес ноднин уг гэрээг хүчингүй болгосон, энэ удаад албан ёсоор мэдэгдсэн гэж Аргентиний хэвлэлийнхэн мэдээлсэн байна.

Малвинас арлуудын асуудлын учир начир үнэндээ маш тодорхой, мөн чанар дээрээ колоничлолын түүхээс үлдэгдсэн асуудал юм. 1816 онд Аргентин нь Испанийн колоничлолын ноёрхлоос тусгаар тогтнолоо олохдоо Малвинас арлуудын бүрэн эрхийг залгамжилж авсан. 1833 онд Англи улс зэвсгийн хүчээр Малвинас арлуудыг эзлэн авчээ. 1965 онд НҮБ-ын ерөнхий ассамблей 2065 тоот тогтоол батлан, Малвинас арлуудын асуудлыг “колоничлолыг арилгах”-ын хүрээнд авч үзэж, гэрээ хэлэлцээгээр дамжин бүрэн эрхийн маргаанаа шийдвэрлэхийг Их Британи, Аргентин хоёр оронд шаардсан. 1982 оны дөрөвдүгээр сард Их Британи, Аргентин нь Малвинас арлуудын бүрэн эрхийг олохын тулд дайн байлдаан болсон бөгөөд Их Британи энэ дайнд ялсан. Гэхдээ Аргентин улс Малвинас арлууд дахь бүрэн эрхийн шаардлагаа орхиогүй, Их Британи харин гэрээ хэлэлцээ хийхээс татгалзсаар иржээ.

Зүй бус замаар олсон олз ашгаа алдахыг хүсэхгүй байгаа нь Их Британи ийнхүү дүлийгээр овлож буйн гол шалтгаан. Малвинасын арлууд газрын тосны нөөц элбэгтэй бөгөөд Өмнөд Атлантын далай дахь “Цэрэг дайны чухал бааз” хэмээгддэг. Их Британийн хувьд авч хэлбэл Малвинас арлуудыг эзлэх нь Өмнөд Атлантын далай дахь “Хилийн чанад дахь нутаг дэвсгэр” гэгчээ хамгаалах, Антарктидийн үйл хэрэгт оролцохоо баталгаажуулах чухал арга барил нь гэж зарим шинжээчид үзэж байна. Сүүлийн жилүүдэд Их Британи нь Малвинас арлуудад цэрэг армиа урт хугацаагаар байрлуулахаа мэдэгдэн, пуужин туршин харвах зэрэг цэргийн сургуулилт зохион байгуулж, түүнчлэн төрөл бүрийн үйл ажиллагаа зохиохоор дамжин Латин Америк тивийн залуучуудын түүхийн танин мэдэхүйг нь “хордуулах”-аар тасралтгүй зэхсээр буй нь Малвинас арлуудыг өнө үүрд эзлэн авахыг санаархаж байгаа хэрэг юм. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу эсэргүүцэлтэй турлгарч байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Америк тивийн орнуудын байгууллага, Хятад улс зэрэг хөгжиж буй орнууд Аргентин   Малвинас арлууд дахь бүрэн эрхээ эргүүлэн авахыг нь гуйвшгүй дэмжиж байгаагаа олон удаа илэрхийлэв.

Энэ онд, Малвинас арлууд Их Британид хууль бусаар эзлэгдсэний 190 жилийн ой тохиож байна. 190 жилийн хугацаанд Малвинас арлуудын бүрэн эрх нь Аргентинчүүдийн сэтгэлийг шархлуулсаар иржээ. Эдүгээ, Аргентиний шинэ арга хэмжээ нь Малвинас арлууд дахь бүрэн эрхээ эргүүлэн авах шийдэмгий зоригийг нь харууллаа. Өнгөрсний “Нар жаргадаггүй гүрэн” эдүгээ Аргентиний гэрээ хэлэлцээ хийх шаардлагад нь эерэг хариу өгч, Малвинас арлуудыг   эртхэн буцаан өгөх нь зүйтэй. Колоничлолын цаг үе ахиж хэзээ ч ирэхгүй. Малвинас арлуудын бүрэн эрх Аргентинчүүдийн өнийн харамсал болж үлдэх ёсгүй юм.

 

\Уртнасан\