Европын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилт тавилаа
2023-03-06 09:59:28
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар энэ сарын 5-нд Германы Холбооны засгийн газраас хоёр хоногийн хаалттай хуралдааныг эхлүүлжээ. ХБНГУ-ын канцлер Олаф Шольц эхний өдрийн хуралдаан өндөрлөсний дараа Европын комиссын дарга Урсула Фон дер Лайентай хамт хэвлэлийн хуралд оролцохдоо, Европ тивийн өрсөлдөх чадварыг эрчимжүүлэхийн чухлыг онцолсон байна.

Олаф Шольц хэлэхдээ, "Герман улс асар их өөрчлөлтийн цаг үедээ байгаа тул засгийн газрын тус хуралдаанаар хойшдын арван жилд аж үйлдвэр, эдийн засгийн шинэчлэлтийн үйл явцад гол анхаарал хандуулж байна. Европ тивийн өрсөлдөх чадварыг хэрхэн урт хугацаагаар хадгалах, геополитикт оролцогчийн хувьд үүрэг зорилтоо хэрхэн сайтар хэрэгжүүлэх сэдвээр мөн өдрийн хуралд оролцсон хүмүүс зөвшилцлөө. Европ тивд эдүгээ төрөл бүрийн хямрал нүүрлээд байгаа бөгөөд хүн төрөлхтөний хариуцлагагүй үйлдлээс бий болсон уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн сааруулах нь одоогийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна" гэжээ.

Урсула Фон дер Лайен хэлэхдээ, "Хамтын хүчин чармайлтаар уур амьсгалын дулаарлын эсрэг тэмцэх нь хамгийн чухал. Европын компаниуд эрчим хүчинд маш өндөр үнэ зарцуулдаг. Өөрсдийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, эко технолгийн салбар дахь тэргүүлэх байр сууриа хадгалах гэвэл бүтэц, нөхцөл боломжоо заавал тасралтгүй сайжруулах ёстой" гэжээ. АНУ-ын “Инфляцийг бууруулах тухай хууль”-ийн талаар тэрээр хэлэхдээ: “АНУ-ын бүтээгдэхүүн худалдан авахад” үйлчилнэ гэх зорилтыг уг хуулинд тодорхой заасан нь Европт зохих хэмжээний хүндрэлийг учруулсан гэжээ. Урсула Фон дер Лайены хэлж байгаагаар, энэ асуудлаар АНУ-тай хэлэлцээ өрнүүлж, Европын автомашин үйлдвэрлэгч компаниуд АНУ-д татварын хөнгөлөлтийн тэгш эрх эдлэхийг баталгаажуулах, эко шинжлэх ухаан технологийн салбар дахь Европын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг агуулгыг мөн өдрийн хуралдаанаар тодорхойлжээ.


/Уртнасан/