Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжинэ
2023-03-10 10:45:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хоёр чуулган Бээжинд хуралдаж, 2023 онд эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх тухай халуухан яриа хэлэлцүүлэг өрнүүлж, бодлогын шийдвэр тогтоолоо гаргаж байна. Үүнд гадаадын хөрөнгө оруулалтаар эдийн засгаа дэмжих тухай хэлэлцүүлэг олны анхаарлыг татаж байна.

Хятадын худалдааны яамны мэдээгээр, өнгөрсөн жил Хятад улс 189 тэрбум 130 сая ам долларыг бодитой ашигласан нь өмнөх жилээсээ 8 хувиар өсчээ. Үүнээс өндөр технологийн аж ахуйн нэгжүүдийн гадаад хөрөнгө оруулалт 28.3 хувиар өсөж, төв баруун нутгийнхны эл үзүүлэлт Хятадын хэмжээнд тэргүүлж байна.

Цар тахлын улмаас олон улсын хөрөнгө оруулалт хумигдсан хүндхэн цаг үед Хятад улс хасах руу биш нэмэх рүү тэмүүлж, энэхүү амжилтыг бүтээж чадсан нь хялбар зүйл биш. Үүнээс бид Хятадын эдийн засгийн асар их нөөц бололцоог харж болох юм. Цар тахал дуусгавар болсон 2023 онд гадаадын хөрөнгө оруулалтын ашиглалт гүйцэтгэл улам ахицтай байх нь дамжиггүй биз ээ.

Хятад улс аж үйлдвэрийн иж бүрэн тогтолцоотой, асар том зах зээлтэй, нийгэм нь тогтвортой, эдийн засаг нь урт хугацаагаар өссөн зэрэг эерэг үзүүлэлтээрээ гадны хөрөнгө оруулагчдыг соронздон татаж буй юм. Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн дэд дарга, Худалдааны яамны дэд сайд Вей Жяньгө хэлэхдээ, "Төв засгийн газрын эдийн засгийн ажлын хуралдаанаас энэ онд гадаадын хөрөнгийг татан оруулах болон авч ашиглахыг эрчимтэй дэмжих шийдвэр гарсан нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн итгэлийг нэмэгдүүлж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг Хятадын эдийн засгийн чансаатай хөгжилд идэвхитэй оролцоход чухал ач холбогдолтой зүйл боллоо" гэжээ.

Хятадын худалдааг дэмжих нийгэмлэг сүүлийн үе Хятадад бизнес эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай 160 гаруй аж ахуйн нэгжид судалгаа хийхэд тэдний 99.4 хувь нь 2023 оны Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт өөдрөг итгэлтэй байж, 98.7 хувь нь Хятадад хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлэхээ илэрхийлжээ.

Гадаадад нээлттэй хаалгаа Хятад улс дахин хэзээ ч хаахгүй гэж Хятадын удирдагчид олонтаа мэдэгдэж байсан. Өнгөрсөн жил болсон ХКН-ын 20-р хурлын шийдвэрээр гадаадад нээлттэй бодлогыг илүү өндөр түвшинд аваачсан юм.

Сүүлийн арван жилд Хятад улс эдийн засгийн нээлттэй стратегийг улам санаачилгатай хийж, дэлхийд чиглэсэн чөлөөт худалдааны өндөр түвшний сүлжээ, туршилтын бүс байгуулах алхмаа түргэтгэж, Хайнаний чөлөөт худалдааны боомт, "Бүс ба зам"-ын хүрээн дэх олон улсын хамтын ажиллагааны бүтцүүдийг өргөн цар хүрээтэй болгож, гадаадад нээлттэй байх боломжоо нэмэгдүүлсээр байна.

2023 оны нэгдүгээр сарын 1-нд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн жагсаалтыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүнд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах 15 заалттай бодлого багтсан. Эдгээр арга хэмжээ нь Хятад улсын дотоодын хөгжлийг ахиулахаар барахгүй дэлхийн бизнес эрхлэгчдэд ч шинэ боломж олгож байна гэж Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн дэд дарга Лүн Гөчян хэлсэн байна.