Саудын Араб, Ираны эвлэрэл “санаанаас гадуур зүйл” биш
2023-03-12 09:43:31
Share
Share this with Close
youtube WeChat

10-ны орой Бээжинд Хятад, Саудын Араб, Иран гурван талт хамтарсан мэдэгдэл нийтэлсэн нь тэр даруйдаа дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох мэдээ болж. Энэхүү мэдэгдэлд Саудын Араб, Иран хоёр тал дипломат харилцаагаа сэргээх, хоёр сард багтаан харилцан элчин сайдын яам, төлөөлөгчийн газруудыг дахин нээх, хоёр талын харилцааг бэхжүүлэх талаар хичээн ажиллах зэрэг агуулга багтсан бөгөөд гурван улс мөн олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ мэдэгдэв.

"Саудын Араб, Ираны харилцаа шинэ хуудас нээлээ", "Ойрх Дорнодын дипломат харилцааны хувьд энэ бол асар том дэвшил", "Эрин үеийг харуулсан чухал үйл явдал"... Олон улсын хэвлэлүүдээр эерэг сэтгэгдэл цасан лавс шиг хаялсаар... Хятадын эсрэг "өндөгнөөс яс эрэх" сонирхолтой барууны хэвлэлүүд хүртэл Хятадын эедүүлэг, зуучийн хүчин чармайлтыг нотлов. Ойрх Дорнодын бүс нутаг нааштай хариу тусгал гаргаж, Ирак, Оман, Ливан зэрэг тус бүс нутгийн олон орон Бээжинд болсон Саудын Араб, Ираны яриа хэлэлцээний үр дүнг сайшааж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Хятад улс яриа хэлэлцээг дэмжсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, энэ нь Персийн булангийн бүс нутгийн тогтвортой байдлыг ахиулахад тустай гэдгийг онцолжээ.

Саудын Араб, Ираны хооронд байгуулсан хэлэлцээрийн агуулгыг харахад их олон бодитой, бүтээлч агуулгыг хамруулжээ, тухайлбал харилцаагаа сайжруулах замын зураг, тодорхой цагийн хуваар зэргийг тодорхой заажээ. Хэрэв энэ бүхэн  хэрэгжвэл Саудын Араб, Ираны харилцаа цаашид тасралтгүй сайжрах бүрэн боломжтой юм.

Түүхийн өнцгөөс харвал одоогийн ийм үр дүнд хүрэх нь  амаргүй зүйл гэдгийг ойлгож болно. Саудын Араб, Иран нь Исламын шашны суннит, шийт гэх хоёр гол урсгалын төлөөлөл бөгөөд Сирийн хямрал, Ливаны нөхцөл байдал, Йемений үймээн зэрэг асуудлаар удаан хугацааны турш сөргөлдөөнтэй байсаар ирсэн болохоор "Ойрх Дорнодын дайсагнагч талууд" ч гэж нэрлэдэг. 2016 оны эхээр Саудын Араб гаралтай Исламын шашны шийтийн урсгалын ламтай холбоотой хэргээр хоёр орон дипломат харилцаагаа тасалсан бол сүүлийн долоон жилийн турш олон орон эедүүлэг хийсэн ч ямар нэгэн бодит ахиц дэвшил гаргаагүй юм. Ийм нөхцөлд Саудын Араб, Иран Хятадын зуучлалын дагуу дипломат харилцаагаа сэргээхээр шийдсэн нь гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд "санаанд оромгүй зүйл" гэж нэрлэсэн нь ч гайхах зүйл биш юм.

Хэрэв Ойрх Дорнод дахь нөхцөл байдлын өөрчлөлт, Хятадын дипломат хүчин чармайлтын талаар гүн гүнзгий ойлголттой бол Саудын Араб, Иран хоёр Бээжинд эвлэрэх нь "зүй ёсны хэрэг" юм. Сүүлийн хэдэн жил АНУ тэргүүтэй барууны орнууд Ойрх Дорнодод "нэгийг нь дэмжиж нөгөөг нь цохих" стратеги хэрэгжүүлж, байнга зөрчилдөөн үүсгэж, бүс нутгийн амгалан тайван байдлыг алдагдуулж ирсэн. Ойрх Дорнодын томоохон орны хувьд Саудын Араб, Иран үүнд нь маш их золиос гаргасан. Ойрх Дорнодын орнууд АНУ найдваргүй, зөвхөн яриа хэлэлцээ, зөвшилцөл л асуудлыг шийдэж чадна, бүс нутгийн хувь заяа Ойрх Дорнодын ард түмний гарт байх ёстой гэдгийг тодорхой харж таньсан юм. Энэ нь даруй Саудын Араб болон Ираны дипломат харилцаагаа сэргээх шийдвэрийн дотоод хөдөлгөгч хүч юм.

Тэгвэл яагаад Бээжинг сонгож яриа хэлэлцээ хийх болов? Учир нь Хятад улс Ойрх Дорнодын орнуудын стратегийн тусгаар тогтнолыг үргэлж дэмжиж, яриа хэлцэл, зөвшилцлийн замаар асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж, аль нэг талд нь зогсохгүйгээр төвийг сахиж, хувийн ашиг сонирхлыг эрэлхийлдэггүйтэй шууд холбоотой. Тиймдээ ч Ойрх Дорнодын орнуудаас итгэл хүлээсэн юм. Бээжинд болсон Саудын Араб, Ираны яриа хэлэлцээ нь гурван улсын удирдагчдын зөвшилцөлд тулгуурласан байдаг. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Араб, Хятад-Персийн булангийн орнууд, Хятад-Саудын Арабын удирдагчдын уулзалтад оролцсон  бол өнгөрсөн хоёрдугаар сард Ираны Ерөнхийлөгч Рахим Хятадад төрийн айлчлал хийсэн. Энэ удаагийн Саудын Араб, Ираны яриа хэлэлцээний үр дүн нь Хятад улс үнэнч шударга, найдвартай зуучлагчийн хувьд үүрэг хариуцлагаа үнэнчээр биелүүлж, том гүрний хариуцлагатай байр сууриа бүрэн харуулсан болохыг гэрчилж байгаа юм.