Хятад улс чансаатай хөгжлийг ахиулна, дээд түвшний нээлттэй байдлыг дэмжинэ
2023-03-13 10:13:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төрийн дээд эрхт байгууллага Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын шинэ ээлжийн чуулган 13-ны өдөр Бээжин дэх Ардын Их Хурлын Ордонд хаалтаа хийлээ. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв Хорооны Цэргийн Зөвлөлийн дарга Ши Жиньпин хаалтын хуралд хэлсэн үгэндээ, "Ард түмний итгэл найдвар бол миний урагшлах хамгийн том хөдөлгөгч хүч, мөрөн дээр байгаа их хариуцлага юм. Би Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, улс орныхоо хэрэгцээ шаардлагыг эрхэм зорилгоо болгон, ард түмний эрх ашгийг дээдэлж, үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, чин сэтгэлээсээ зүтгэж, ардын төлөөлөгчид болон үндэстнүүдийн ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй" гэжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ: "Хүчирхэг улс орон байгуулах, үндэсний сэргэн мандалтыг хөгжүүлэх томоохон үүрэг манай үеийнхний мөрөн дээр тавигдлаа” гэж онцлоод, “Хятадын үндэстнүүд түүхэндээ олон гайхамшиг бүтээж, олон бэрхшээлийг даван туулсан. ХКН байгуулагдсан цагаас олон үндэстнийг эвтэй нэгтгэн удирдаж, олон зууны шаргуу тэмцлээр, Хятадын ард түмэн хувь заяаныхаа эзэн болсон юм. Хятадын олон үндэстэн нэгдэж зогссон тэр үеэс хүчирхэгжин чинээлэгжих их аянаа эхлүүлж, үндэсний агуу их сэргэн мандалтын замаар замнасан юм. Шинэ аянд бид цаг эрин, түүх, ард түмэндээ осолдохгүй ололт амжилтыг бүтээж, хүчирхэг улс орон, үндэсний сэргэн мандалтыг дэмжих энэ үйлсэд үе үеийнхэн өөрийн хувь нэмрийг оруулах ёстой” гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс үндэсний сэргэн мандалтын шинэ аянд чансаатай хөгжлийг ахиулж, ард түмний эрх ашгийг дээдэлж, хөгжил, аюулгүй байдлыг нэгтгэн үзэж, "Нэг улс, хоёр систем"-ийг хэрэгжүүлэх, эх орноо нэгтгэхийг урагшлуулж, хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулахыг дэмжих ёстой" гэжээ.

Тэрбээр цааш нь "Хятад улс эдийн засгийн үр өгөөжөө сайжруулж, тоо хэмжээ, чанарын өсөлтөд анхаарч, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, үндэсний ерөнхий хүчин чадлыг дээшлүүлж, бүтээн байгуулалтын ололт амжилтыг бүх ард түмэнд тэгш хүртээж, бодит ахиц дэвшил гаргана" гэж цохон тэмдэглэв. 

Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Батлан хамгаалах болон армийн орчин үеийн шинэчлэлийг тал бүрээр ахиулж, ардын армийг үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах бат бэх цагаан хэрэм болгож бүтээн байгуулах болно" гэжээ.

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ "Аюулгүй байдал бол хөгжлийн үндэс суурь мөн. Тогтвортой байдал бол хүчирхэгжихийн урьтал нөхцөл болно. Улс орны аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг хэрэгжүүлж, аюулгүйн тогтолцоо, нийгмийн засаглалын тогтолцоог тус тус боловсронгуй болгож, аюулгүй байдлын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг дээшлүүлж, аюулгүй байдлын шинэ тогтолцоогоор хөгжлийн шинэ төлөв байдлыг баталгаажуулах хэрэгтэй" гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, "Хятадын хөгжил дэлхий дахинд ашигтай. Хятадын хөгжил дэлхийгээс салж чадахгүй. Хамтын уялдаатай. Хятад улс өндөр түвшинд илүү нээлттэй байж, дэлхийн зах зээл болон нөөц баялгийг сайтар ашиглан хөгжиж, мөнхүү дэлхийн хамтын хөгжлийг ахиулах болно" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад улс энх тайван, хөгжин цэцэглэх, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдлыг чухалчилж, хэзээд түүхийн зөв талд зогсч, олон талт үзэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, нээлттэй дэлхийн эдийн засгийг ахиулж, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Хүчирхэг Хятад улс байгуулахын тулд ХКН-ын байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэх ёстой. Намыг хатуу чанга удирдаж, авлига, хээл хахуультай эрс тэмцэнэ” гэж онцлоод “Намын доторх төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд ухаалаг, зоригтой байж, эв нэгдлээ сахин хамгаалж, намын мөн чанарыг эрхэмлэж, үндэсний сэргэн мандалтын их үйлсийн төлөө хичээж ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн байна.