3 дугаар сарын 15-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийжээ
2023-03-15 18:13:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 3 дугаар сарын 15-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн халуун цэгийн сэдвээр гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. 

Энэтхэгийн засгийн газар олон улсын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг хариуцлагатай 

Сэтгүүлч: Ухаалаг гар утсанд чиглүүлж Энэтхэгийн засгийн газар аюулгүйн шинэ дүрэм боловсруулахаар төлөвж байна гэнэ. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна? 

Ван Вэньбинь: Аж ахуйн нэгжүүд олон улсын дүрэм, тухайн орны хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахыг Хятадын засгийн газар дэмжиж шаардсаар ирсэн. Үүнтэй адилаар зах зээлийн зарчмын дагуу Хятадын аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан олон улсын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг Энэтхэгийн засгийн газар хамгаалж ажиллах үүрэг хариуцлагатай.

Хятад улс том гүрний үүрэг хариуцлагаа хүлээсээр байх болно

Сэтгүүлч: Хятад улсын идэвхтэй дэмжлэг дор Саудын Араб, Иран Бээжинд хэлэлцээ хийж, дипломат харилцаагаа сэргээхээр болов. Түүнчлэн Хятадын засгийн газрын ойрх дорнодын асуудлаарх тусгай элч Жай Жүнь саяхан Палестин, Израилын хооронд эедүүлэг хийж, хичээн ажиллаж байна. Ойрх дорнодын халуун цэгийн асуудлыг зохицуулах талаар Хятад улс үргэлжлүүлэн ямар үүрэг гүйцэтгэж ажиллах вэ?

Ван Вэньбинь: Ойрх дорнод бол дэлхийн халуун цэгийн асуудал төвлөрсөн бүс нутаг юм. Тус бүсийн сайн найз болохын хувьд Хятад улс ямар ч хувийн ашиг бодохгүй, ямар ч “жижиг тойрог” үүсгэхийг хүсэхгүй, харин ч улс төрийн аргаар асуудлыг зохицуулахыг хичээсэн найдвартай эедүүлэгч байж ирсэн, байсаар байх болно. Сүүлийн жилүүдэд Хятад улс урьд хожид ойрх дорнодын аюулгүй, тогтвортой байдлыг биелүүлэх таван зүйлт санаачилга, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах тухай дөрвөн зүйлт санаачилга, Палестины асуудлыг зохицуулах “Хоёр улсын шийдэл” зэргийг дэвшүүлсэн бөгөөд саяхан Бээжинд Саудын Араб, Ираны хэлцлийг чухал ахиц амжилтад хүргэсэн. Түүнчлэн тусгай элч Жай Жүнь Палестин, Израилын хооронд идэвхтэй эедүүлэг хийж, бүс нутгийн улс орон, ард түмнээс талархал хүлээсээр байна.

Хятад улс үргэлжлүүлэн том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шударга голч байдлыг хамгаалж, ойрх дорнодын орнууд яриа хэлцэл, зөвшилцлөөр асуудлыг зохицуулж, бүс нутгийн онцлогт нийсэн гаргалгааг олохыг дэмжиж ажиллах болно. Олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа бүс нутгийн гаднах том гүрнүүд НҮБ-ын дүрэм, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг мөрдөж, олон талт үзлийг үнэнхүү хамгаалж, ойрх дорнодын улс орон, ард түмний бие даасан сонголтыг хүндэтгэх ёстой гэжээ.

“Умардын урсгал” хоолойн дэлбэрэлтийг шалгахыг дэмжинэ

“Умардын урсгал” хийн хоолойн дэлбэрэлтийн хэргийн тухай сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, хийн хоолой бол үндэстэн дамнасан чухал дэд бүтэц байж, түүнийг дэлбэлэх нь олон улсын эрчим хүчний зах зээл, экологид маш муу сөрөг үр дагавар авчирсан. Тиймээс хэргийг бодитой, голч, мэргэжлийн түвшинд шалгаж, хариуцлага тооцох нь зайлшгүй шаардлагатай асуудал бөгөөд шалгалтыг даруй явгадуулж, хэргийн үнэн мөнийг тодруулах ёстой. Сүүлийн үе эрэн сурвалжлах сэтгүүлч Сеймур Херш “Америк бол “Умардын урсгал” хийн хоолойн дэлбэрэлтийн хэргийн “хөшигний арын эзэн” мөн” болох тухай эрэн сурвалжилгынхаа дүнг нийтэлсний дараа барууны хэвлэлүүд “чимээгүй нам болж”, одоо гэнэт сэрсэн юм шиг бүгд л дуу дуугаа авалцан мэдээлж болов. Энэ бүх сонин хачин үзэгдлийн ард зайлшгүй “нууц” байна. Тиймээс НҮБ-аар ахлуулсан олон улсын шалгалтын баг  ажиллуулж, хэргийн үнэн мөнийг даруй тодруулах нь мөн зайлшгүй шаардлагатай тул Хятад улс бүрмөсөн дэмжиж байна гэжээ. 

Солонгосын хойгийн асуудлаар холбогдох талууд үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой 

Солонгосын хойгийн асуудлаар Ван Вэньбинь хэлэхдээ, Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдлын хамгийн том зангираа нь тодорхой, тэр нь даруй Америк БНАСАУ-ын авсан цөмийн зэвсгээс ангид байх арга хэмжээнд хариу өгөхөөс татгалзаж, БНАСАУ-ын эсрэг дарамт шахалт, сүрдүүлгийн чанартай арга хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаагаас болсон юм. Байдал улам дордохоос зайлсхийж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Тиймээс талууд нийтлэг, хамтран ажилласан, тогтвортой аюулгүйн үзэл баримтлалын дагуу үүрэг хариуцлагаа даруй ухамсарлаж, үр дүнтэй яриа хэлцлээр асуудлыг зохицуулах ёстой гэжээ. 

Нэг Хятадын зарчимд тулгуурлаж улс орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлэхэд бэлэн 

Сэтгүүлч: Хондурас улсын Ерөнхийлөгч БНХАУ-тай албан ёсоор дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хятадтай дипломат харилцаа тогтоох албан ёсны санал ирсэн үү? Ирсэн бол хэзээ албан ёсоор дипломат харилцаа тогтоох вэ? 

Ван Вэньбинь: Дэлхийн 181 орон нэг Хятадын зарчмын үндсэн дээр Хятадтай дипломат харилцаа тогтоосон нь Хятад улстай дипломат харилцаа тогтоох нь түүхэн хөгжлийн ерөнхий чиг хандлага, өнөөгийн байдалд нийцсэн зөв сонголт гэдгийг бүрэн нотолж байна. Хятад улс нэг Хятадын зарчмын үндсэн дээр Хондурасыг оролцуулсан дэлхийн бүх оронтой найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна.