3 дугаар сарын 17-ны хэвлэлийн бага хурлын онцлох мэдээ
2023-03-17 18:20:06
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 17-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлаар гадаад, дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулжээ.

Бразилын ерөнхийлөгч Хятадад айлчилна  

Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва мөдхөн Хятад улсад төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулж Ван Вэньбинь хэлэхдээ, "Хятад, Бразил улс хөгжиж буй том гүрэн,  зах зээл хөгжиж байгаа орон бөгөөд  стратегийн иж бүрэн түнш юм. Дипломат харилцаа тогтоосон хагас зууны турш олон улсын нөхцөл байдал хичнээн өөрчлөгдсөн ч хоёр орны харилцаа тогтвортой байж, олон салбарт ажил хэрэгч хамтран ажиллаж баялаг түүх бүтээсэн юм. Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн айлчлал хоёр орны харилцааны хэтийн төлвийг тодорхойлж, стратегийн иж бүрэн түншийн харилцааг шинэ түвшинд гаргаж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд шинэ хувь нэмэр оруулах болно" гэжээ.

Ази Номхон далайн бүс нутаг геополитикийн тоглоомын талбар биш

Эх сурвалжийн дагуу, Японы ерөнхий сайд Фумио Кишида 19-нд Энэтхэгт айлчлах тухай Японы ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Энэ тухай Вань Вэньбинь сэтгүүлчийн асуултад хариулахдаа, "Ази Номхон далайн бүс нутаг геополитикийн тоглоомын талбар биш. Улс орнуудын хамтын ажиллагаа нь бүс нутгийн улс орнуудын харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлж,  энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад тус дөхөм үзүүлэх ёстой. Энэ нь гуравдагч талд чиглэж болохгүй. Зарим улс орон Энэтхэг-Номхон далайн "чөлөөт, нээлттэй байдал" гэгчийг хөөрөгдсөөр байгаа нь үнэндээ бүс нутгийн улс орнуудын дунд сөргөлдөөн үүсгэх зорилготой. Хятад улс ийм зүйлийг сонирхохгүй, харин зарим улс орон цөмийн бохир усаа далай тэнгист чөлөөтэй цутгахаар санаархаж байгаад санаа зовниж байна" гэжээ.

Үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэнэ

“Саяхан Хятад улсын нийтэлсэн “Улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулах тухай Хятад улсын байр суурь” баримт бичгийг Оросын тал нааштай үнэлсэн байна. Удахгүй болох Ши Жиньпин даргын айлчлалаар Оросын тал байр суурь, санаачилгаа улам цааш нь тодруулж танилцуулах уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, Украины асуудлаарх Хятад улсын байр суурь тодорхой, тухайлбал энх тайвныг дээдэлж, яриа хэлэлцээг дэмжих талд байдаг. Саяхан нийтэлсэн баримт бичигт Украины хямралыг зохицуулах тухай Хятад улсын голч шударга байр суурь, санал санаачилгыг тодорхой заасан. Улс төрийн яриа хэлцэл бол сөргөлдөөнийг зохицуулах цорын ганц зөв сонголт бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашигт нийцэж байна. Хямралыг улс төрийн аргаар зохицуулахын тулд Хятад улс үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэв.

Геополитикийн ашиг сонирхлоор түрий барж болохгүй

Америк, Их Британи, Австрали цөмийн шумбагч онгоц хамтран судалж бүтээх нь НАТО-ийн цэргийн бааз, зэвсэглэл Ази тив уруу тэлж байгаа хэрэг. Энэ нь Азийн бүс нутагт мөргөлдөөн үүсгэх эрсдэл тарьсан явдал гэж Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавров саяхан  мэдэгджээ.

Үүнд холбогдуулж Ван Вэньбинь хэлэхдээ, Америк, Их Британи, Австрали “гурван талт аюулгүйн түншийн харилцаа” гэгчийг байгуулж байгаа нь тэр чигээрээ хүйтэн дайны сэтгэхгүй бөгөөд бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Тэд олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа бүс нутгийн улс орнуудын дуу хоолойг сонсож, бүлэглэлийн улс төр, хуаран хоорондын сөргөлдөөнийг зогсоож, геополитикийн хувийн ашиг сонирхлыг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай үүрэг хариуцлагаас дээгүүр тавихгүй байх хэрэгтэй "гэжээ.