Хятад, Оросын төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл гаргав
2023-03-22 09:57:35
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр буюу орон нутгийн цагаар 3-р сарын 21-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Кремлийн ордонд "Шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуржээ. 

Хоёр тал Украины асуудлыг НҮБ-ын дүрэм, зарчмын дагуу зохицуулж, олон улсын хуулийг хүндэтгэх ёстой гэж үзэв. Украины асуудлаар Хятад улс бодитой, шударга байр суурьтай байгааг Оросын тал үнэлэв. Цэрэг, улс төрийн ашиг сонирхлын төлөө бусад улсын аюулгүй байдалд хохирол учруулж буй барууны орнууд, холбоо бүлэглэлийг хоёр тал эсэргүүцэж байна. Оросын тал энхийн хэлэлцээг хурдан сэргээх амлалтаа дахин нотолж, үүнийг нь Хятад улс сайшааж байна. Украины хямралыг улс төр, дипломат аргаар зохицуулахад Хятад улс идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа, мөн "Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь" баримт бичигт тусгагдсан бүтээлч саналуудыг Оросын тал сайшааж байна. Уг хямралыг зохицуулахын тулд бусад улсын  аюулгүй байдлыг хүндэтгэж, бүлэглэлд хуваагдсан сөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэйг хоёр тал онцлон тэмдэглээд, гал дээр тос нэмэхгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн хариуцлагатай байр сууриар яриа хэлэлцээ хийх нь асуудлыг тууштай шийдвэрлэх хамгийн сайн арга зам гэдгийг хоёр тал онцоллоо. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэг ийм бүтээлч хүчин чармайлтыг дэмжих ёстой. Хоёр тал хямралыг улам хурцатгах,  хяналтаас гарахаас сэргийлэхийн тулд  дайныг даамжруулах явдлыг зогсоохыг уриалж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ганц талын хориг арга хэмжээ хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Д.Хүчитбаатар