Ши Жиньпиний Орост хийсэн айлчлал бол найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвны аялал юм
2023-03-23 10:18:42
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлал өндөрлөсний дараа, Гадаад харилцааны сайд Чинь Ган "Энэ удаагийн айлчлал дэлхий нийтийн анхаарлыг татсан найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвны аялал боллоо” гэж сэтгүүлчдэд хандаж хэлжээ.

Гадаад харилцааны сайд цааш нь  өгүүлэхдээ,“Энэ айлчлал Хятадын төрийн тэргүүний 2023 оны дипломат харилцааны шинэ хөшгийг нээлээ. Дэлхий дахины байдал ээдрээ түвэгтэй нөхцөлд Хятад улс бие даасан энх тайвны гадаад бодлогоо  тууштай баримталж, дэлхийн энх тайваныг дэмжихийн тулд оюун санааг эрхэмлэн дээдэлж байгааг айлчлал харууллаа. Ши Жиньпин даргын төрийн айлчлал нь дэлхийн геополитикийн явцад гүн нөлөө үзүүлэх үйл явдал төдийгүй Хятад улс олон улсын хэмжээнд "энх тайваныг бүтээгч" гэдгээ харуулж, том гүрний үүрэг, хариуцлагаа онцолж чадлаа. Олон улсын байдал ээдрээтэй нөхцөлд  тогтвортой байдлыг бий болгож, олон туйлт олон улсын харилцааг ардчилсан болгоход тус дөхөм үзүүлсэн гэж олон нийт үзэж байна” гэж онцолжээ. Тэрбээр мөн  “Ши Жиньпин 2013 онд БНХАУ-ын даргын албан тушаалд  сонгогдоод, анхны айлчлалаа Москвагаас эхэлж байсан. Ши Жиньпин улиран сонгогдоод, ийнхүү 10 жилийн дараах анхны айлчлалаа мөн ОХУ-аас эхлүүлж буй нь санамсаргүй хэрэг биш,  сайтар тунгаасан  улс төрийн шийдвэр юм. Хятад, Оросын харилцаа эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй байх, харилцан хүндэтгэж итгэлцсэн зарчмыг баримталж, хоёр талын хөгжил дэвшил, сэргэн мандалтыг ахиулаж, олон улсын шударга ёсыг хамгаалахыг эрмэлзэж, шинэ хэлбэрийн том гүрний харилцааны жишиг бий болгосон юм. Төрийн тэргүүн хоорондын дээд түвшний итгэлцэл нь шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд удирдлага болж байгаа юм” гэжээ.

Сэтгүүлчдэд хандсан үгэндээ тэрбээр, “ Хятад улс Украины хямралд бодитой, шударга байр суурь баримталж, энхийн хэлэлцээгээр зохицуулахыг дэмжсээр ирсэн. Айлчлалын үеэр, Хятад, Оросын төрийн тэргүүн нар Украины хямралын талаар  санал бодлоо нээлттэй солилцлоо. Хятад улсын бодитой, шударга, тэнцвэртэй байр суурийг Оросын тал өндрөөр үнэлж, Хятадын байр суурийг сайтар судалж, энхийн хэлэлцээ хийхэд нээлттэй хандана гэдгээ илэрхийлсэн. Мөн энэ талаар Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхийг сайшаасан юм. Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, олон улсын хуулийг хүндэтгэх ёстойг дахин нотоллоо. Энхийн хэлэлцээг Оросын тал аль болох хурдан сэргээх амлалт өгч, Украины хямралыг улс төр, дипломат замаар зохицуулахад нааштай үүрэг гүйцэтгэж ирсэн Хятад улсад талархал илэрхийлсэн. Улс төрийн  ашгийн араас хөөцөлдөлгүй, энхийн хэлэлцээг ахиулж, дайныг зогсоохыг эрмэлзэж байгаа Хятад улсын бодлого дэлхийн нийтийн ашиг сонирхол, хүлээлтэд нийцэж байна” гэж хэллээ.