Дурсамжаас ургасан дурсамж буюу цар тахлын тэмдэглэл
2023-03-23 16:26:09
Share
Share this with Close
youtube WeChat

2020 оны хоёрдугаар сарын 9.

Энэ удаагийн цар тахал хятад айл бүрийг гал тогоожуулав. Сүүлийн жилүүдэд гэртээ хооллохоо больсон хятадууд хөл хорионоос болж ахин тогоо шанага цуглуулахаас өөр аргагүйд хүрлээ. Хүргэлтийн үйлчилгээг орон сууцны хорооллын гадаах хаалганаас дотогш нэвтрүүлэхгүй байгаа тул гэр гэртээ хоолоо хийхээс өөр сонголт үлдсэнгүй. Хятадын их хотуудад өнчин дан байшин гэж бараг байхгүй, хорооллуудаа хотхонжуулан хашаалсан нь аливаа аюул гамшгийн үед оршин суугчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад ихээхэн дөхөм байдаг нь анзаарагдаж байна... /Өдрийн тэмдэглэлээс/. 


Хятадын Цагаан сарын амралтын долоо хоногийг ашиглан охиноо аавтай нь уулзуулахаар Монголдоо түр очсон би 2020 оны нэгдүгээр сарын 30-ны үдээс өмнө Бээжинд буцаж ирэхдээ энэ нь МИАТ-ын онгоцондоо суусан “Сүүлчийн” нислэг минь байсныг мэдсэнгүй. Тухайн өдрийн үдээс хойших нислэг цуцлагдлаа гэсэн мэдэгдлийн араас хил хаагдлаа гэсэн мэдээ залгаж бүхэл бүтэн гурван жил охин минь аавтайгаа уулзаж чадахгүй хоёр талд нам түгжигдсэн юм. Хятадад ажиллаж амьдарсан сүүлийн арван жилд ийм урт хугацаагаар эх орноосоо “хол” байж үзсэнгүй. Ингээд л би гэдэг хүн ковид-19 хэмээх цар тахлын голомт гэгдэж байсан Хятад улсад “тахлын” гэх хашилттай чилийсэн урт гурван жилийг үдсэний хувьд Хятад улсын цар тахалтай хийсэн урт хугацааны уйгагүй тэмцлийн жинхэнэ гэрч болж, төр засгаас төлөвлөсөн бодлого шийдвэрийг нь үг дуугүй дагаж, өвдсөн эдгэсэн хүмүүс, анагаасан сувилсан эмч ажилтнууд хийгээд хичээсэн зүтгэсэн ард түмэнтэй нь зовлон жаргалаа нэгтгэн, уйлах газраа уйлж дуулах газраа дуулж явсан билээ.

Тахлын явцад, Хятадын төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд, ард түмний реакци зэргийг нухацтай ажиглаж, тухайн улс оронд ажиллаж амьдарч байгаагийн хувьд өдөр тутмын ажил амьдралд минь тахлын учруулж буй сайн муу нөлөөллийн талаарх мэдээллийг сошиал дахь хувийн талбараараа дамжуулан Монголынхоо цахим хэрэглэгчидтэй хангалттай хуваалцсан. Мөн өөрийнхөө болон охиныхоо эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өдөр тутмын амьдралын жижиг сажиг зүйлсийг ч гээгдүүлж мартахгүйн тулд өдрийн тэмдэглэл шамдан хөтөлж байв. Өнөөдөр цар тахал зарим нэгэнд инээдэм ханиадам болсон ч ид дэгдэлтийн үедээ хүний сэтгэлд ямархуу хүнд дарамт учруулж, бодох бодохгүй олон зүйлийг бодуулж ухаарал сэхээрлийн алаг эрээн орчилд живүүлж байсныг би лав мартахгүй. Хятад улсын цар тахалтай хийсэн тэмцэл, төрийн менежмэнтийн талаар мартагдахааргүй хадагдаж үлдсэн нэг дурсамжийг та бүхэнтэйгээ дахин хуваалцъя гэж шийдлээ. Учир нь 2023 оныг Монгол улс маань “Аялал жуулчлалын жил” болгон зарлаад байгаа билээ.

Хятад улс нийтээрээ хөл хорионы дэглэмд байсан хүнд өдрүүдэд дуу хуур, шинэ клипүүд үй олноороо гарч тахлын голомтод ажиллаж байсан эмч мэргэжилтнүүддээ сэтгэлийн дэм өгөх соёлын кампанит ажил аян улс даяар өрнөсний зэрэгцээ эмч нар ч өвчтөнүүдийнхээ сэтгэлзүйг өргөн дэмнэх зорилгоор хаяахан олдох чөлөөт цагаараа тэдэнд урлагийн үзүүлбэр тоглож өгч байв. Маартын 8-наар Үханьд ажиллаж байгаа Алшаагийн эмч нар түр эмнэлэгт тусгаарлагдсан хөнгөн өвчтнүүдээ зугаацуулан савардан бүжиг хийж байгаа бичлэгийг би фэйсбүүктээ тавьтал маш олон эерэг сэтгэгдэл бичигдэж билээ. 2020 оны гуравдугаар сарын 8-ны байдлаар Хүбэй мужийн Үхань хотод Хятадын эх газраас нийт 32 мянган хүний бүрэлдэхүүнтэй эмч сувилагчдын баг ажиллаж байсан. Эмч нартаа зориулсан, ард түмнээ ирэх өдрүүдийн сайн сайханд уриалсан тэдгээр дууны шинэ бүтээлүүд нь дуу төрсөн тухайн нутаг орны байгалийн содон тогтоц, тэндэхийн оршин суугчдын этгээд өвөрмөц амьдрал заншлаар хийсэн клипүүдтэй байх агаад дуу гарангуутаа Хятадын сошиалд хит болж байв. Гэтэл цар тахлын хорио суларч, аялал жуулчлал эхлэхтэй зэрэгцэн дотоодын жуулчдын их урсгал далан сэтлэх мэт садрахдаа мөнөөх дууны клипүүдэд дүрслэгдсэн газрууд руу шинэ зам татуулан хөвөрсөн билээ.

Өнгөн дээрээ хүнд хэцүү цагийг өөдрөг туулахыг эрмэлзсэн суртал мэт боловч ардаа бас аялал жуулчлалын салбарынхаа сэргэлтийг тооцсон төрийн онцгой бодлого байсан нь тэгэхэд тодорхой болсон. Ингээд тусгаарлалтын дэглэм сулрах үес дотоодын аялал жуулчлалаараа тухайн салбарын алдагдлыг бүрэн нөхөж чадсан гэж мэдээллийн хэрэгслээс харж байлаа. Хүн амын тоо олон байхын утга учир энэ. Түүн дээрээ маневрлаж чадсан ухаалаг төрийн алсыг тэнссэн хараа ийм л аж.

Ер нь Хятад улс төлөвлөлгүйгээр ганц ч алхам хийдэггүй, төрийн үг үйлдэл бүхэн нь бодлогын иж бүрэн цогц судалгааны үр дүн байдаг. Тахлын үеэр маск, хамгаалалтын хувцас хэрэглэл, пср шинжилгээний бэлдэцүүд, вакцин гэх мэт эмнэлгийн эд материалуудын тусламжийг дэлхийн өнцөг булан бүрт өгчилгөхдөө хайрцаг саван дээр нь хүртэл улс бүхэнд хандсан, тусламж хүлээн авагч улс үндэстний соёлын сэтгэлгээтэй нь уялдуулан “мэндчилсэн” бэлгэдэл ерөөлийн үгийг тухайн улсын хэлээр бичиж дагалдуулахаа ч мартаагүй. Хятадын Шаомигаас Италид тусламжаар өгсөн маскнуудын хайрцган дээр "Бид нэг тэнгисийн давалгаанууд, нэг модны навчис, нэг цэцэрлэгийн цэцэгс" гэдэг үг бичжээ. Энэ бол Италийн нэрт соён гэгээрүүлэгч агсан Сенекагийн хэлсэн үг билээ. Энэ бол Хятад улсын биш, зөвхөн Хятадын нэг компаний мэнэжмэнт. Жижиг мэт боловч том ухаан харагдаж билээ.

Өвчин тахлын үед дэлхий нийтийн сэтгэлийг өвчнөөс илүү өвтгөсөн зүйл бол арьс өнгө, улс үндэстэнээр ялгаварлан гадуурхах үзэл санаа байсан юм. Америк, Европийн зүгээс ихэвчлэн цухалзсан энэхүү дайралтад өртсөн Азийн улсуудын иргэд хүндхэн сорилттой тулгарсан. Зөвхөн ийм бэрхшээлээс болж Хятад улсын олон мянган иргэн оршин сууж байсан улсаа орхин эх улсдаа харьж ирэхээр зүтгэсэн нь ажил дээр ажил нэмж байгааг мэдээ сэлтээс харах зуураа халгаж байсан сан.

Орсон бороо арилж ирсэн гийчин буцдаг жамаар цар тахлын хор хөнөөл харьцангуй “шингэрч” байгаа ч туулаад гарсан зовлонгийн манангаас үлдэх туршлага, авах сургамж олонтаа байсны нэгээхэн хэсгийг хальтхан дурдахад ийм байна.

                                                            \Б.Занданхүү\