Чинь Ган: Нэг Хятад улс зарчмыг баримтлах нь зөв сонголт юм
2023-03-26 16:19:50
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 26-ны үдээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Чинь Ган Бээжинд Гондурасын Гадаад харилцааны сайд Эдуардо Рейнатай хэлэлцээ хийснийхээ дараа хамтаар сэтгүүлчидтэй уулзав.

Чинь Ган хэлэхдээ: Саяхан миний бие Эдуардо Рейна гадаад харилцааны сайдын хамтаар хоёр орны засгийн газрыг тус тусдаа төлөөлөн "БНХАУ, Бүгд Найрамдах Гондурас Улс хоорондоо дипломат харилцаа тогтоосон тухай хамтарсан албан мэдэгдэл"-д гарын үсэг зурлаа. Энэ албан мэдэгдэлд, Годурас улс нь дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс бий, БНХАУ-ын засгийн газар бол нийт Хятад улсыг төлөөлөх хууль ёсны цорын ганц засгийн газар, Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэг хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гондурас улс мөн өдрөөс эхлэн Тайвань хоорондын "харилцаа" гэгчээ таслаж, түүнчлэн Тайваньтай албаны талын ямарваа харилцаа дахин гаргахгүй, албаны талын ямарваа харилцаа өрнүүлэхгүй гэдгээ амласан. Хятад улсын засгийн газар Гондурасын засгийн газрын дээрх байр суурийг сайшааж байна гэв.

Чинь Ган хэлсэн үгэндээ, Нэг Хятад улс зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн түгээмэл нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. 1971 онд НҮБ-ын ерөнхий ассамблейн 2758-р тоот шийдвэрээр үүнийг тодорхойлсон. Гондурас улс нь дэлхийн 181 улс оронтой байр сууриа нэгтгэн, Нэг Хятад улс зарчмыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ сахин журамлах, ямарваа угтвар нөхцөлгүйгээр Хятад улстай дипломат харилцаа тогтоох улс төрийн шийдвэр гаргасан нь Гондурас улс болон Гондурас улсын ард түмний язгуур бөгөөд алс хэтийн ашиг тусад бүрмөсөн нийцэх юм. Энэ нь, Нэг Хятад улс зарчмыг баримтлах бол олон улсын зүй ёс, эрин цагийн урсгалд нийцсэн зөв сонголт, хүмүүсийн сэтгэлийн эрмэлзэл, их чиг хандлага мөн гэдгийг дахинтаа бүрэн гүйцэд гэрчиллээ. "Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах үйл ажиллагаа явуулах нь Хятадын үндэстнүүдийн хүсэл зорилт, ашиг тусаас няцаж, түүхийн урсгалаас сөрөх тул үр дүнгүй мухар зам гэдгийг бид Тайваний эрх баригчдад сануулж байна гэжээ.

Чинь Ган хэлэхдээ: Өнөөдөр Хятад, Гондурас түүхийн шинэ хуудсыг сөхлөө. Хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоосноос хойш Гондурасын талтай харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байж, хамтдаа хөгжих үндэс суурийн дагуу цаг хормыг алдалгүйгээр шат бүрийн найрсаг харилцаа солилцоо, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орон, хоёр орны ард түмэнд ашиг тус бүтээхэд Хятадын тал бэлэн байна гэв.

Эдуардо Рейна хэлэхдээ: Гондурас Хятад хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоосон нь түүхийн алхам бөгөөд Гондурас Хятадын ард түмний шинэ цаг эринийг нээлээ. Гондурас нь дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс бий, БНХАУ-ын засгийн газар бол нийт Хятад улсыг төлөөлөх хууль ёсны цорын ганц засгийн газар, Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэг хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.



\Уртнасан\