Америкийн тал хуучны жүжгээ давтсаар байна
2023-03-26 10:51:35
Share
Share this with Close
youtube WeChat

Вирусийн үүсэл гарлыг “улс төрийн аргаар хайх” явуулгаа АНУ сүүлийн үед дахин гаргаж ирж, Хятад улсад мууг нь тохохоор оролдож байна. Америк анхдагч удаагаа ингэж байгаа хэрэг биш. 2021 онд АНУ-ын засгийн газар тагнуулын байгууллагадаа захирамж өгч, КОВИД-19 вирусийн үүсэл гарлыг хайсан тайланг 90 хоногийн дотор зохиож гаргахыг үүрэгдсэн. Үүний үр дүнд, “магадгүй”, “болзошгүй” хэмээсэн таавар үг олонтой тайлан гаргасан нь гаднынханд “юу ч байхгүй тайлан” хэмээн шоологдсон. Энэ удаад үүнийгээ дахин гаргаж ирж буй нь улс төрийн инээдтэй оролдлогоо давтаж буй төдий юм.

Энэ явуулга оролдлогыг нь дэмжихийн тулд АНУ-ын засгийн газрын байгууллага, улс төрчид, мэдээллийн хэрэгсэл нь сүүлийн үед үг үйлдлээ нэгтгэдэг болжээ. Эхлээд “Уолл Стрит” сонин АНУ-ын Эрчим хүчний яамнаас Цагаан ордон, Конгрессод хангасан нууц тайланг ишлэн, КОВИД-19 вирус нь “Хятад улсын лабораториос санамсаргүй алдагдсан байх тун их магадлалтай” гэж мэдээлж, дараа нь Америкийн гол гол мэдээллийн хэрэгслүүд дуу хоолойгоо нэгтгэн даган дэвэргэжээ. Үүний дараа АНУ-аас Хятадад суугаа элчин сайд Николас Бернс, Америкийн Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Рей нар үүнтэй адилавтар үг яриа нийтэлж, хамтдаа Хятад улсыг гүтгэн харлуулахыг зэхсэн хандлага гаргажээ.

Гэтэл, АНУ-ын Эрчим хүчний яам өөрөө энэ тайлангаа “итгүүлэх хүчин бага” зэрэглэлд жагсаасан нь инээдтэй байна. Америкийн албаны талын тайлбарласнаар, “итгүүлэх хүчин бага” үнэлгээний зэрэглэлийг ердийн байдалд мэдээлэл багатай, сэжиг таавар ихтэй, хэсэг бусаг, бодит нотолгоо гаргахын аргагүй, мэдээллийн эх үүсвэр нь илт доголдолтой мэдээлэлд хандуулдаг байна. “Нью Йорк таймс” сонин нэгэн албан тушаалтны үгнээс иш татан мэдээлэхдээ, энэ тайлан харьцангуй сул, Эрчим хүчний яамны дүгнэлтийн “итгүүлэх хүчин бага” гэжээ. Өөрөөр хэлбэл, Америкийн тал ямар ч бодит гэрч үндэслэлгүй тохиолдолд өөрөө ч итгэхгүй, учир дутагдлаар дүүрэн тайлангаа Америкийн гол гол мэдээллийн хэрэгсэлд өгч, цуурхал гарган тал засаж буй нь “вирус лабораториос алдагдсан онол” гэгчийг улам чангатгахын төлөө юм.

2021 онд улс төрийн ийм инээдэмтэй жүжиг тавиад бүтэлтгүйтсэн атлаа Америкийн тал юуны учир үүнийгээ өнөө дахин гаргаж ирж байгаа юм?

“Нью Йорк таймс” сонин үүнийг “хорт улс төр” гэсэн байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын шинээр томилогдсон дарга Кевин Маккарти үүрэгт ажилдаа орсныхоо дараа анхны илтгэлээ тавихдаа, КОВИД-19 вирусийн үүсэл гаралд мөрдөн шалгалт явуулна гэж хэлсэн. Ийм ч учраас, Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимын эрхийг атгаснаас эхлэн тэд “вирусийн үүсэл гарлыг улс төрийн аргаар хайх”-ыг ашиглаж, Хятад улсыг эсэргүүцсэн хатуу байр суурь илэрхийлж, нам хоорондын үзэлцээнд ашиг оноо олохыг зориж байгаа гэж хэлж болох юм.

Хятад улсыг эсэргүүцэх нь Америкт “улс төрийн зөв байр суурь” болж, үнэн зөвийг илэрхийлсэн дуу хоолойг дардаг болжээ. Жишээлбэл, Төлөөлөгчдийн танхимын шинэ байгуулагдсан КОВИД-19 халдварын асуудал хариуцсан ажлын зөвлөл энэ сарын эхээр сонсгол хурал хуралдуулж, КОВИД-19 вирусийн үүсэл гарлын тухай ярилцжээ. Сонсгол хуралд илэрхийлсэн байр суурь дэндүү нэг өрөөсгөл байна, “лабораториос алдагдсан онол”-оос өөр байж болох магадлалын талаар бараг авч хэлэлцсэнгүй гэж зарим мэргэжилтэн хэлжээ. Бас зарим нь, хорон муу гүтгэлэгт өртөхөөс зайлсхийж, олон судлаачид энэ асуудлыг илээр ярилцахаас татгалзаж байгаа гэжээ.

Энэ нь, АНУ-ын засгийн газрынхны хүмүүсийн анхаарлыг өөр тийш шилжүүлэх, засаглалын бүтэлгүйтлээ халхах гэсэн хуучны арга баш юм. АНУ-д галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл олонтаа гарч, арьс өнгөөр ялгаварлах зөрчил хурцдаж, нийгэм нь замбараагүй болж, өндөр инфляци нь буурахгүй байна. Түүнчлэн олон банк дампууралд орноос улбаалан банк санхүүгийн зах зээлд нь донсолгоо гарсаар байна. Иймээс хүмүүсийн анхаарлыг шилжүүлэх, хариуцлагаа бусдад тохохын тулд Америкийн улс төрчид цуурхал гаргах шинэ зүйлийг яаралтай олох тулгам шаардлагатай байгаа юм. “Вирусийн үүсэл гарлыг улс төрийн аргаар хайх” энэхүү дуулиан  нь “агаарын бөмбөлөгийн асуудлаар улс төржсөн”-ний дараа Америкийн улс төрчид дотоодын улс төрийн хэрэгцээ шаардлагаар гаргаж ирсэн инээдтэй, учир утгагүй жүжиг юм.

Америкийн улс төрчид “лабораториос алдагдсан” гэх хэллэгийг өлгөж аваад тавихгүй байгаа бол, АНУ бол “цар тахлын эсрэг тэмцлийн хамгийн том ялагдагч орон”-ны хувьд мөрдөн шалгалтыг хүлээх ёстой. Цар тахлын улмаас нас барсан хүний тоо хамгийн олон бөгөөд КОВИД-ийн бүх мутаци хувилбарууд дэлгэрсэн. Гурван жилд, АНУ-ын цар тахлын хяналт сэргийлэлтэд сэжиг эргэлзээтэй зүйл их байсан боловч ДЭМБ-ын мэргэжилтний хэсгийг урьж вирусийн үүсэл гарлыг хайх хамтын ажиллагаа өрнүүлээгүй, халдварын эрт үеийн мэдээллийг хангаагүй юм. Ялангуяа АНУ-ын Форт Детрик лаборатори, Хойд Каролинагийн их сургуулийн биологийн лаборатори хийгээд дэлхийн олон газар дахь цэргийн 200 гаруй биологийн баазад олон улсын хамтын нийгэмлэг маш их сэжиг эргэлзээтэй байгаа юм. АНУ эдгээр газруудаа нэн даруй нээж, олон улсын хамтын нийгэмлэгийн шалгалтыг хүлээх ёстой.

Вирусийн үүсэл гарлыг хайх нь шинжлэх ухааны асуудал, үүнд улс төрийн явуулга хийх ёсгүй. “Вирусийн үүсэл гарлыг улс төрийн аргаар хайх”-аа Америк дахин гаргаж ирснээр өөрийн орныхоо асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Харин, Америк бол цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцлийг хамгийн их эвдэн сүйтгэгч, гарал үүслийг хайх ажлыг хамгийн ихээр харшлагч нь мөн гэдгийг дэлхий нийтэд илүү тод харуулах болно.

\Уртнасан\