Чэндү, бэлэн!
2023-05-29 10:51:58
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 28-нд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Чэндү хотод Дэлхийн оюутны зуны 31 дүгээр Универсиад их наадам нээлтээ хийнэ. Хятад улс Универсиад наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Хятадын баруун бүс нутаг анх удаа олон улсын спортын цогц арга хэмжээ зохион байгуулж буй нь энэ юм. Наадам эхлэхэд хоёр сарын хугацаа үлдээд байгаа энэ үеэр Чэндү хот Универсиад наадмын бэлтгэлийг "энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм" гэсэн шаардлагын дагуу бүх хүчээ дайчлан ажиллаж, залуусын спортын их наадмыг дэлхийн орнуудад толилуулахад бэлэн боллоо.

Чэндүгийн Универсиад наадамд зориулан 13 заал талбайг шинээр, 36 талбай, ордныг шинэчлэн засаж, 2021 онд бүгдийг нь ашиглалтад оруулсан бөгөөд FISU буюу Олон улсын оюутны спортын холбооны шалгалтыг давж, олон улсын тэмцээний стандартыг бүрэн хангасан байна. Нээлт болох Дун Ань нуурын спортын парк нь 40 мянган суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн, 18 мянган суудалтай олон зориулалт бүхий заал талбай, 4500 хүний суудалтай усан спортын ордон, бөмбөгийн талбай зэргээс бүрдсэн иж бүрэн шинэ цогцолбор юм.

Наадмын хаалт Чэндүгийн задгай хөгжмийн паркад болно. Үндсэн барилга нь 14,100 метр квадрат талбай эзэлдэг, дэлхийн хамгийн том хагас задгай, хагас битүү театртай гэдгээрээ онцлог юм.

Универсиадын хотхоныг Чэндү их сургуульд байгуулсан бөгөөд 11,000 хүний багтаамжтай 6522 өрөөтэй. Хотхоноос төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл тээврийн 13 байгууламж шинээр байгуулжээ.

Цар тахлын улмаас Чэндүгийн Универсиадыг хоёр жилээр хойшлуулсан  ч энэ хугацаанд 49 заал талбайг сул орхиогүй юм. Бүртгэлээр, 2022 онд Чэндүгийн Универсиад наадмын төвүүд олон зэрэглэлийн төрөл бүрийн нийт 727 спорт, худалдааны арга хэмжээ зохион байгуулж, 5 сая 94 мянга 800 хүнд нээлттэй, 76 мянга 300 цаг ажилласан байна.

Чэндүгийн Универсиад наадам үндсэн 18, жижиг төрлийн 269 тэмцээнтэй явуулах бөгөөд одоогоор  тэмцээний бэлтгэлийн төлөвлөгөө,  үүрэг даалгаврын гүйцэтгэлийн хяналтын хүснэгт гаргаж, тэмцээний ерөнхий хуваарь, журмыг нийтлээд байна. Түүнчлэн Чэндүгийн Универсиад наадам хоёр удаа хойшлогдсон тул бэлтгэл ажил харьцангуй урт хугацаатай үргэлжилжээ. Зохион байгуулах хорооноос 2021 онд Универсиад наадмын туршиц тэмцээн болгож Хятадын хэмжээний 17 удаагийн дагнасан тэмцээн зохион байгуулж, тэмцээний үеэр зохион байгуулалт, ашиглалт, үйлчилгээний бэлтгэлийг үр дүнтэй туршиж, тулгамдаж буй асуудлын жагсаалт гаргаж, улмаар засан сайжруулсаар ирсэн юм. Энэ оны 6-р сарын эхээр бүрэн процесс, бүх талыг хамарсан дасгал сургуулилт хийж, тэмцээний үеэр хэвийн ажиллах чадварыг сайжруулах зорилгоор хэд хэдэн сорилтын тэмцээн зохион байгуулжээ.

Энэ наадамд Хятадын баг төлөөлөгчид 800 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд түүний дотор 500 орчим тамирчин багтах төлөвтэй байна. Хятадын тамирчид үндсэн 18, бусад 269 төрөлд бүтэн багаар өрсөлдөнө.