Фукушимагийн цөмийн бохир усыг далай руу урсгах цаг хугацаа дөхөхийн хэрээр “далайн баялагт түшиглэн аж төрж буй” Номхон далайн арлын оршин суугч Винсент Кэлли сэтгэл түгшин, “Япон улс цөмийн ослоор бохирдсон усаа далай руу нийлүүлэх нь буруу, бидэнд гамшиг авчирна” гэж хэлжээ. Япон улсын цөмийн бохирдолтой усаа далай руу урсгах төсөлд ажиглалт хийж буй ОУАЭХА шударга, мэргэжлийн хяналт шалгалт явуулж, олон улсын аюулгүй байдлыг хамгаалахыг хүмүүс хүсэн найдаж байна.
Энэ сарын 29-нээс ОУАЭХА-гийн мэргэжилтний хэсэг Японд таван хоногийн хугацаатай айлчлал хийж байна. “Уг байгууллага эцсийн үнэлгээний тайлангаа гаргахаас өмнө Фукушимагийн цөмийн бохир усыг далай руу урсгах төсөлд сүүлчийн удаа аюулгүйн хяналт шалгалт явуулж байна. Айлчлалын хугацаанд 11 улс орноос ирсэн мэргэжилтэн нар Японы засгийн газар, Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн төлөөлөлтэй уулзан, далай руу урсгах тоног төхөөрөмжид судалгаа хийхийн зэрэгцээ 6 дугаар сард тайлан гаргахаар төлөвлөж байна” гэж Японы мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
ОУАЭХА бол цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай улс орнуудын үүрэг хариуцлага, амлалтад хяналт тавидаг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чухал байгууллага юм. ОУАЭХА-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси саяхан Хятад улсад айлчлахдаа, цөмийн бохирдолтой усыг далай руу нийлүүлэх ямарваа орны уршгийг тус байгууллага дааж авахгүй бөгөөд олон улсын аюулгүйн стандартыг зөрчсөн ямарваа үйл ажиллагааг зөвшөөрөхгүй гэж илэрхийлсэн юм. Фукушимагийн цөмийн бохир усыг далай руу урсгахыг дэлхий нийтээр хатуу эсэргүүцэн, сэжиг эргэлзээтэй байгаа тул Японы засгийн газар ОУАЭХА-гийн үнэлгээ шалгалтыг ашиглан цөмийн бохирдолтой усаа далай руу нийлүүлэхэд зөвшөөрөл хайх хэрэгтэй. БНСУ, Номхон далайн аралт орнууд зэрэг олон орны иргэдийн уриалсан адилаар, Японы тал таван талын асуудлыг зайлшгүй тайлбарлаж, олон улсын хамтын нийгэмлэгт хариу өгөх шаардлагатай байна.
Нэгд, Фукушимагийн цөмийн бохирдолтой усыг шийдвэрлэхэд, далай руу урсгах нь шийдвэрлэх цорын ганц арга зам мөн үү? Хэрэг дээрээ Японы засгийн газар цөмийн бохирдолтой усыг шийдвэрлэхэд устөрөгч ялгаруулах, газрын гүнд шингээх, газар дор булах, ууршуулах, далайд нийлүүлэх зэрэг таван зүйлийн төсөл дурдсан байдаг. Далай руу урсгах нь бусад төсөлтэй харицуулахад зардал хамгийн хямд арга зам бөгөөд Японд үүсгэх бохирдлын эрсдэл хамгийн бага гэж Японы засгийн газрын мэргэжилтний зөвлөл өмнө нь хэлж байсан. Хувийн ашиг мөнгөө хэмнэн, харин дэлхий нийтийг хохироох ийм үйлдэл нь туйлын амь хувиа хичээсэн, хариуцлагагүй үйлдэл юм.
Хоёрт, Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн цөмийн бохирдолтой усны тоон өгөгдөл найдвартай юу? 2011 онд Фукушимагийн цөмийн осол гарснаас хойш Токиогийн цахилгаан эрчим хүчний компани олон удаа тоо бүртгэлийг өөрчилсөн, ослыг нуун дарсан, түүнчлэн цацраг идэвх бодис их агуулсан бохир ус алдагдан далайд нийлсэн, цацраг идэвх бодисыг илрүүлэгч оновчгүй төхөөрөмж ашиглан очиж танилцсан хүмүүсийг төөрөгдүүлсэн нь удаа дараа илчлэгдэж байсан. “Хэргийг тодорхой ойлгоогүй атлаа далай руу урсгахаар байгаа нь хүмүүст айдас төрүүлж байна” гэж Фукушимагийн загасчин Сато Ёшики хэлжээ.
Гуравт, цөмийн бохирдолтой усыг “цэвэршүүлэх төхөөрөмж” үр дүнтэй юү? Фукушимагийн цөмийн бохирдолтой усанд багаар тооцоход 60 гаруй зүйлийн цацраг идэвх бодис агуулж байгаа бөгөөд агуулц нь их учраас технологи ашиглан бүрмөрсөн шүүн цэвэршүүлэхийн аргагүй гэдгийг олон судалгаа нотолжээ. “Фукушимагийн цөмийн бохирдолтой ус хэрэв аюулгүй бол, Японы тал юуны учир өөртөө үлдээн ашиглахгүй байна? Дотоодын хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлдээ юуны учраас ашиглахгүй байна? Юуны учир дотоодын нуур цөөрөмдөө урсган нийлүүлэхгүй байна” гэж олон нийт сэжиглэж байна.
Дөрөвт, цөмийн бохирдолтой усыг далай руу нийлүүлэхээс далайн орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар Японы тал юуны учир шинжлэх ухааны үнэлгээг ганц ч удаа хийхгүй байна? Цөмийн бохир усыг далай руу урсгавал, 10 жилийн дараа холбогдох цацраг идэвхт бодис дэлхийн далайн орчинд өргөжин тарахыг олон улсын судалгаа гэрчилж байна.
Тавд, далай руу урсгах төлөвлөгөөний талаар Японы тал яагаад хөрш зэргэлдээ орнууд, Номхон далайн арлын орнууд зэрэг холбогдох талуудтай бүрэн гүйцэд зөвшилцөхгүй байсаар юм бэ?
“Бид заавал үйл ажиллагаа авч, цөмийн бохирдлын бас нэгэн гамшиг үүсэхээс сэргийлэх хэрэгтэй” гэж Номхон далайн арлын орнуудын форумын нарийн бичгийн дарга Хэнри Пуна саяхан Японы тал цөмийн бохирдолтой усаа далай руу нийлүүлэх төлөвлөгөөгөө орхихыг хатуу шаарджээ. Япон улс эдүгээ нүдэн өмнөх хувийн ашиг тусаа бодож, нийт хүн төрөлхтөний хамтын ашиг тусыг золиос болгохоор байна. Энэ үйлдэл нь хатуу эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй. Японы тал олон улсын үүрэг хариуцлагаа нямбай хэрэгжүүлэн, хөрш зэргэлдээ орнууд зэрэг ашиг тусын холбоотой талууд, түүнчлэн олон улсын холбогдох байгууллагатай бүрэн зөвшилцөн, нийтлэг ойлголтод хүрэх нь зүйтэй. Ингэхээс өмнө далай руу урсгах ажиллагаагаа хэрхэвч дур зоргоороо эхлүүлж болохгүй юм.
\Уртнасан\