Хүүхдийн төлөө “Заа” гэж хэлдэг өдөр
2023-06-01 09:59:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хүн бүхэн хүүхэд байсан. Нийгэм цаг үеийнхээ онцлогоос шалтгаалан хүмүүсийн хүүхэд нас адилгүй өнгөрсөн нь үнэн. Тэгэхдээ л хүүхэд нас бол үлгэрийн эхлэл, аз жаргалын өрнөл, танин мэдэхүйн гэрэл гэгээ болон бидний зүрх сэтгэлд насан үүрд инээмсэглэсээр байдаг. Дэлхийн улс орнууд эдүгээ янз бүрийн асуудал бэрхшээлүүдийг туулж байгаа ч хүүхэд бүрт тэгш боломж олгохын төлөө томчууд хичээсээр байна. Тийм ч учраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй болцгоосон билээ. Өнөөдөр тэр өдөр нь. Хүүхдийн уйлах инээхэд ач холбогдол өгөх биш, харин тэднийг ямар орчинд өсгөж хөгжүүлж, хайрлаж хамгаалбал инээд нулимс нь утга учиртай болох вэ гэдэг дээр бодлого шийдвэрээ танилцуулж санаа оноогоо хуваалцдаг, дэлхий нийтээрээ хүүхэд дээр фокусладаг ганц өдөр. Тийм ээ, энэ өдөр та хүүхдээ баярлуулж эрхлүүлэхээс илүү тэдний ирээдүйг гэрэлтүүлэх юу хийж чадах вэ гэдгээ өөрөөсөө асуух өдөр.