"Аймхайчуудын тоглоом" түр завсарласан боловч зах зээлийнхэн жинхэнэ сэтгэл түгшиж эхэллээ
2023-06-02 14:19:31
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим өрийн дээд хязгаарын тухай хуулийн төслийг санал оруулан баталсны дараа олон улсын хэвлэл мэдээллийнхэн 6 дугаар сарын 1-нээс эхлэн энэ явдлыг “маргаан дуулиан түр намжсан боловч үнэндээ дуусаагүй” гэсэн үнэлгээг өгч байна. Уг хуулийн төсөлд, өрийн дээд хязгаарын хүчинтэй байх хугацааг 2025 оны эхэн хүртэл түр түдгэлзүүлсний зэрэгцээ 2024 он, 2025 оны санхүүгийн жилүүдийн зарлагад хязгаарлалт тогтоожээ. Ингэсээр цөөн бус  хүмүүсийн сэтгэлийн түгшээ түр арилсан шиг байна. Гэхдээ дараагийн алхамд энэ хуулийн төсөл нь Сенатад батлагдахын зэрэгцээ ерөнхийлөгч гарын үсэг зурснаар баталгаажлаа гээд бодоход асуудал үнэндээ шийдэгдэх үү? АНУ хийгээд дэлхий нийтийн донсолгоо тайван болж чадах уу?

Эдүгээ АНУ-ын улсын өр дэлхийн бондын зах зээлд гол байр эзэлж байна. АНУ-ын өр хэрэв дээд хязгаараасаа давбал АНУ хийгээд дэлхий дахинд гамшгийн шинж чанартай хохирол дагуулна. Эдүгээ АНУ энэ асуудлыг зохицуулахад урьдаар өрийн дээд хязгаарын хүчинтэй байх хугацааг хоёр жилээр түр сунгах төслийг гаргаж ирэв. Өөрөөр хэлбэл, АНУ-ын засгийн газар өрийн дээд хязгаарын хязгаарлалтыг түр хүлээхгүйгээр 2025 оны эхэн хүртэл үргэлжлүүлэн зээл авч болно гэсэн үг. Энэ нь, АНУ өрийн дээд хязгаарын “ногт”-оосоо түр мултарч, өр дээд хязгаараас давахаас түр зайлсхийж буй явдал юм.

Энэ шийдвэрлэх төсөл нь зөрчил маргааныг бага зэрэг хойшлуулсан төдий, асуудлыг шийдвэрлэж чадаагүй, харин АНУ өрийн хэмжээгээ улам ч өсгөж буй хэрэг юм. Иймээс өрийн дээд хязгаарын хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн “жинхэнэ айдас түгшүүр”  эхлэж байна.

Урт удаан хугацааны турш, АНУ-ын өр зээлд түшиглэсэн өсөлтийн хэлбэр нь ам.долларын итгэмжийг ноцтой бууруулж, АНУ-ын өрийн асуудал аль ч үед дэгдэж мэдэх хямрал болоод байна. Зээлүүлчихсэн мөнгөө эргүүлэн авах боломж бий юу хэмээн хүмүүс яах аргагүй сэтгэл түгшиж байна. 5 дугаар сарын 24, олон улсын үнэлгээний Фитч Рэйтингс байгууллага АНУ-ын зээлжих эрхийн зэрэглэлийг “сөрөг” болгож бууруулжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын улс төрийн туйлшрал нь дэлхийн зах зээлийн түгшүүрийг хүндрүүлж байна. Мөн чанарын хувьд авч хэлбэл, АНУ-ын өрийн дуулиан тасралтгүй давтагдсаар буй нь “ирэх жилийн хүснээ энэ жилдээ эдлэх” аргыг олон жил хэрэглэсээр ирсний муу үр дагавар, түүнчлэн АНУ-ын нам хоорондын зөрчил маргаанаас бий болсон зүйл юм.

Сүүлийн хэдэн сард, өөртөө улс төрийн илүү их ашигтай байдлыг олохын тулд АНУ-ын Ардчилсан нам, Бүгд Найрамдах Нам өрийн дээд хязгаарын асуудал дээр “сунжирсан тулаан” хийж, “аймхайчуудын тоглоом” тоглож, асуудлыг эцэсийн мөчид хүртэл чирэгдүүлсэн.

Дэлхийн хамгийн чухал нөөцийн валют, төлбөр тооцооны валют болсны хувьд ам.доллар нь олон улсын валютын нөөцөд 60 шахам хувийг, олон улсын гүйлгээнд 40 шахам хувийг эзэлдэг. Гэхдээ тус валютын супер давамгай байдлыг АНУ өөрийн ашиг тусаа хамгаалах багаж хэрэгсэл болгожээ. Дэлхийн банк санхүүгийн “тогтворжуулагч” болох ёстой байсан ам.доллар нь бусад орнуудад харин “гамшиг” тарьж байна.

Дэлхийн хамгийн том эдийн засгийн цогцын хувьд АНУ-ын одоогийн эдийн засгийн гол гол индексүүд нь үүргэлжлэн унаж, буурах эрсдэл даамжран, банкны салбарт донсолгоо гарсаар байгаа нь дэлхий дахинд зүйл бүрийн тодорхойгүй хүчин зүйлийг бий болгож байна. Хэдэн сар маргалдсан Америкийн өрийн хямрал нь зах зээлд ахин ноцтой донсолгоо авчирлаа. Удаа дараа давтагдсаар бөгөөд хэзээ нэг талаа болох нь тодорхойгүй энэхүү “аймхайчуудын тоглоом”-оос хүмүүс хэн нь дэлхийн эдийн засгийн аюулгүй байдлын хамгийн том эрсдэл гэдгийг аль хэдийн тод мэдэрсэн юм.

\Уртнасан\