Европын жижиг орнуудын спортын 19-р наадам энэ сарын 3-ны өдөр Мальтад өндөрлөж, тэмцээнийг зохион байгуулагч Мальтагийн тамирчид гайхалтай амжилтаараа алтан медалийн жагсаалтыг тэргүүлэв.
Тус наадам 5-р сарын 29-нд эхэлж, 6-р сарын 3-нд өндөрлөсөн бөгөөд Мальта улсын тамирчид 38 алтан медаль, нийт 97 медаль хүртэж, алтан медаль, медалийн жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ. Харин Кипр улс 30 алт, нийт 87 медаль авч удаалсан бол Люксембург 16 алт, нийт 66 медаль хүртжээ.
Энэхүү Европын жижиг орнуудын спортын наадамд Андорра, Кипр, Исланд, Лихтенштейн, Люксембург, Мальта, Монако, Монтенегро, Сан-Марино зэрэг орны спортын төлөөлөгчдийн 9 баг, 1000 орчим тамирчин оролцсон байна. Энэ оны наадамд хөнгөн атлетик, сагсан бөмбөг, жүдо, регби, дарвуулт завь, буудлага, сквош, усан сэлэлт, ширээний теннис, газрын теннис зэрэг 10 том төрлийн 114 жижиг төрлийн тэмцээн болжээ.
3-ны орой болсон хаалтын ёслол дээр, 2025 онд Европын жижиг орнуудын 20 дахь удаагийн наадмыг зохион байгуулах Андорра улсад Европын жижиг орнуудын наадмын тугийг Мальта улсаас хүлээлгэн өгчээ.