Мөнгөөр урласан "одтой тэнгэр"
2023-06-12 15:46:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Чяньнань Мяо болон Дун үндэстний өөртөө засах жю бол өвөрмөц гар урлал, соёл түүхээрээ "Биет бус соёлын өвийн өлгий, мөнгөн эдлэлийн нийслэл" гэгддэг.

Урьд нь Мяо үндэстний мөнгөний дархчуул гар урлалаар амьжиргаагаа залгуулж, үе дамжин уламжлуулж ирсэн юм. Хожим нь алт мөнгөн эдлэлийг машинаар үйлдвэрлэх болсноор зарим дархчуул техниктэй өрсөлдөх хүнд сорилтыг давж чадалгүй бууж өгч, хуучин ажлаа орхижээ. Сүүлийн жилүүдэд Мяо тосгонд аялал жуулчлал хөгжихийн хирээр гадагш явсан мөнгөний дархчуул нутагтаа буцан ирж, энэ салбарт залуус ч олноор орж ирж, соёлын биет бус өвийн энэхүү “хүйтэн” урлал шинэ “хавар”-ыг эхлүүлэв.

Залуу охин Пан Шюэ бол Мяо үндэстний мөнгөн эдлэл урлалын өвлөн уламжлагч юм. Багаасаа мөнгөн эдлэл сонирхож, өөрийн үндэстний мөнгөн эдлэл хийх ур чадварыг өвлөн авч, дэлхийн дахинд таниулахын тулд Пан Шюэ их сургууль төгсөөд  нутагтаа ирж, мэргэжлийн багшид шавилж, мөнгөний дархан болжээ.

Ширээний өмнө гэзгээ шуусан, хөх цамцтай Пан Шюэ зүүн гартаа гагнуур, баруун гартаа жижиг мөнгөн гулдмай барьж, хүрээг нь сайтар гагнаад, мөнгөн утас цувьж, түүнийгээ чимэглэж өвөрмөц ээмэг урлалаа.

Пан Шюэ дархан Мяо загварын унжлагатай, уламжлалт хятад зангианы ээмэг зэргийг багтаасан мөнгөн үнэт эдлэлийн шинэ бүтээгдэхүүн гаргаж байна. Тэрээр мөн цахим сүлжээгээр дамжуулан мөнгөний дархчуулын түүхийг хуваалцаж, "гүн уулан" дахь хуучин гар урлаачид "шинэ амьдралын хэв маяг"-тай болох боломж олгосон юм. Аажмаар Пан Шюэ  хувийн олон захиалга авч, гадаад дотоодын олон үйлчлүүлэгчтэй болжээ.

2022 оны Хятадын төв радио телевизийн хаврын баярын гала тоглолтын үеэр Хятадын сансрын нисгэгч Ван Япингийн охин “ээжээрээ од түүлгэх” хүсэлтэйг Пан Шюэ хараад Мяогийн гар урлалаар илэрхийлэхийг оролдов. Ийнхүү "одтой тэнгэрийн биет бус өвийн хувилбар" буй болж, мөнгөн модонд "мөнгөн од" өлгөгдөв.

"Олон хүмүүс бидний урласан мөнгөн эдлэлд сонирхолтой болж, Мяо үндэстний гар урлал, соёлд илүү их анхаарал хандуулах болсон. Соёлын биет бус өвийг уламжлан хөгжүүлэх утга агуулга нь энд бий гэж бодож байна" гэж Пан Шюэ хэлэв.