Шаазан бол алдартай, гоёмсог бүтээгдэхүүн төдийгүй Хятадын соёлын төлөөлөл юм. Хятад шаазан эдлэлийн тухай ярихын тулд Жиндэжэнийг заавал дурдах ёстой. Хятадын төв нутгийн Жянши мужид орших энэхүү эртний хот 2000 гаруй жилийн тэртээ ваар шаазан урлаж байсан түүхтэй. Мянга мянган жилийн турш шаазан эдлэлээр цэцэглэн хөгжиж, гадаад дотооддоо алдартай, шаазангийн нийслэл болж, эргэн тойрны нутгийн өвөрмөц соёлыг бүрдүүлсэн юм.
Жиндэжэн хотын уугуул Цай Вэнжуан бол Жянши мужийн Юанийн хөх шаазангийн биет бус соёлын өвийг уламжлан авсан хүн юм. Түүний гэрийнхэн өвөг дээдсийн үеэсээ Юанийн хөх шаазангийн будгийн технологийг уламжилсан түүхтэй аж. Цай Вэнжуан багаасаа зураг зурах дуртай байсан бөгөөд хожим нь том болоод Жиндэжэний шаазан урлагийн их сургуульд дүрслэх урлагийн мэргэжлээр элссэн юм. Оюутан байхдаа анх шаазан дээр зураг зурахыг оролдож, улмаар Юанийн хөх шаазантай хувь заяагаа холбосон байна.
"Анх зурж эхлэхдээ өөртөө итгэлгүй байв. Учир нь шавар дээр зурах нь цаасан дээр зурахаас тэс өөр. Шавар дээр зурахад гар, бугуйны хүч шаарддаг. Шавар нь зөөлөн байдаг тул зурахдаа хэт их хүч гаргаж бас болохгүй. Хагас жил гаруй уйгагүй давтсаар бийрийг сайтар хэрэглэж сурсан" гэж Цай Вэнжуан ярьжээ. Өөрийнх урласан зураг нарийн хээтэй, гоёмсог шаазан эдлэл болсон гайхамшигт мөчийг хараад түүний өөртөө итгэх итгэл улам нэмэгджээ.
Цай Вэньжуан их сургууль төгсөөд уламжлалт биет бус соёлын өвийн ур чадварыг үргэлжлүүлэн судалж, 600 гаруй жилийн түүхтэй Юанийн хөх шаазангаар гол болгож бизнес эхэлжээ. Тэрээр өөрийн багийн хамт "Хөх шаазангийн домог " нэртэй соёлын бүтээлч брэнд үүсгэж, уламжлалт хөх, цагаан өнгийн элементүүдийг бэлэн хувцас, засал чимэглэл, шаазан эдлэлд нэвтрүүлж, орчин үеийн гоо зүйд нийцсэн шинэчлэлт хийснээр илүү олон залуусын сонирхлыг татах болжээ.
"Жиндэжэний уламжлалт шаазан соёлыг үеийн үед хамгаалах ёстой. Гэхдээ бас цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, уламжлалт гар урлалыг шинэ эриний онцлогт нийцүүлж хөгжүүлэх хэрэгтэй" гэж Цай Вэньжуан хэлж байлаа.