БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6 дугаар сарын 14-ний үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын ордонд Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин: Өнгөрсөн оны эцсээр бид Саудын Арабын Эр-Рияд хотноо Хятад-Арабын орнуудын анхны чуулга уулзалтад оролцож, яриа уулзалт хийж, олон талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Та бол энэ он гарснаас нааш Хятад улсад айлчилж буй Арабын орны анхны төрийн тэргүүн бөгөөд энэ нь Хятад-Палестины харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг харуулж байна.
Хятад, Палестин бол харилцан итгэлцэж, харилцан дэмждэг сайн найз, сайн түнш юм. Хятад улс бол хамгийн эрт Палестины Чөлөөлөх Байгууллага болон Палестин Улсыг хүлээн зөвшөөрсөн орны нэг бөгөөд Палестины ард түмэн үндэстнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах шударга ёсны үйлсийг тууштай дэмжигч юм. Урьд өмнө нь байгаагүй дэлхийн болон ойрх дорнодын нөхцөл байдалд Палестины талтай зохицуулалт, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Палестины асуудлыг эрхтэн цогцоор нь шударга зохицуулахын төлөө ажиллахад Хятад улс бэлэн байна. Өнөөдөр бид хоёр орны харилцааг стратегийн түншийн харилцаа болгон шат ахиулж байгаагаа дэлхий нийтэд зарлаж байгаа нь хөшөө дурсгалын чанартай юм гэжээ.
Махмуд Аббас: Би ард түмний өмнөөс урт хугацааны туршид Палестин үндэстнийхээ хууль ёсны эрх ашгийг сэргээх шударга үйлсийг тууштай дэмжиж ирсэн Хятадын талд талархал дэвшүүлж байна. Хятад улс бол Палестины найдвартай түнш, сайн анд мөн. Язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Палестин Хятад улсыг тууштай дэмжиж, нэг Хятадын зарчмыг бат баримтална. Түүнчлэн “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, улмаар Палестин, Хятадын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид Хятад, Палестин дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний бичиг баримтыг үзэглэж, эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Мөн хоёр талаараа “Стратегийн түншийн харилцаа тогтоох тухай БНХАУ, Палестин Улсын хамтарсан мэдэгдэл” нийтэлжээ.