Араараа ай түмэн адуутай, өврөөрөө үй түмэн адуутай баян баргын нутаг Хуучин Барга хошууг Өвөр Монголчууд “Түмэн адууны нутаг” хэмээнэ. Өнгөрсөн зууны 30-аад онд энэ нутагт 10 мянган адуутай Жигдэй баян гэж байжээ. Хуй, Хайраар гэх 60-аад км зайтай хоёр голын хөндийд нутагладаг бөгөөд адуун сүргийн эх нь Хайлаар голд орж байхад сүүл нь Хуй голоосоо гараагүй байдаг гэлцэнэ. Мөн “Жигдэй баяны адуу Мэргэл голоор гарахад урсгал нь тасардаг байсан” хэмээн нутгийн буурлууд хуучилна. Холбогдох түүхэн эх сурвалжид тэмдэглэснээр тухайн үед Япон цэрэг Жигдэй баяны адууг тоолоод 12 мянган адуутай байсан хэмээн зарлаж байсан гэнэлээ.