“Сэрэнгүүтээ, могойд хатгуулсан мэт огло харайн бүү бос. Эхлээд юу зүүдэлснээ сана” гэж Дагестаны мэргэн Расул Гамзатов нэгэнтээ захьжээ. Өвгөн буурал найрагчийн сэцэн үгсийг дагамуу...
Шиньжян нутгаар цөөн хоногт хөндлөн гулд явлаа. Гамзатовын хэлснээр, үзсэн харсан, уулзсан бүхнээ тоочихын өмнө Шиньжян гэж хэн бэ? Шиньжян гэж хаана вэ? Шиньжян гэж юу вэ гэдэг тухай товч эргэн саная.
Шиньжян бол нарны орон аж. Шиньжян бас салхины орон юм. Шиньжян хар алтны орон байна. Шиньжян байгалийн их нөөцийн агуулах байна. Шиньжян их цөл, цагаан, ягаан явар, гүн хавцал, эрмэг уулс, заг, тооройн шугуй, алим, усан үзэм, гуа, тарвас, өрөл, мойлны өлгий байна. Энд уйгар, казак, монгол, хотон, хятад үндэстэн хаяа хөрш амьдардаг нутаг байна. Заримдаа онгон байгаль, үл таних орчин, өөр ахуй, өөр хүмүүс гэдэг энэ цагийн цахимжсан ертөнцөд, техникжсэн зуунд, үйлдвэржсэн эринд унаган мэдрэмжээ гээж дүлий дүмбэ болсон бидний сэтгэлийн утсыг хөглөнө.
Шиньжян бол Хятад орны алс баруун хязгаар, эрс тэс араншинтай, заг шиг хатуу модод ургадаг, заг шиг хатуу хүмүүс аж төрдөг нутаг байна. Зундаа тас хатаж, өвөлдөө тэс хөлдөж, яг өдийд бол өглөөдөө жиндүүлж, өдөртөө бахардуулж, үдшийн сэр сэр салхи энгэр заамаар сэнгэнэсэн нутаг байна.
Дорно бол гивлүүртэй бүсгүй шиг нууцлаг, яг л тийм ялдамхан бүсгүй хүн гүн хар нүдээрээ урин даллах шиг адтай, мэдрэмжийн тэмтрүүлд баригдаж нэг, мултарч нэг хүрэлцэх бөгөөд хагас ил, хагас далд тийм ертөнцсөн билээ. Нууцлаг дорнын нэгэн талст бол яахын аргагүй Шиньжян, Шиньжяны талстууд мөн л олон өнгөтэй ажгуу. Шиньжяны арвин уудам нутгийг бүтэн зурж, энэ хязгаар нутгийн намтар арвин цадигийг бүрэн харуулж, дорнын нэгэн талстыг бүтэн үзүүлж эс чадах ч гэлээ Шиньжяны жижиг олон талстыг өөрийн үзсэн, харсанд тулгуурлан өгүүлэхийг хичээе.
Бээжингээс Өрөмч нисэхэд нүцгэн хар нурууны хойгуур удаан нисэв. Дэл сүүл, цомцог юугаа хийсгэн салхи сөрөн агсарч хурдалсан их дэлт хар азарга шиг, хар азарганы сэрвээ, мундаа, хондлой зоо шиг овгор, тавиун сайхан нуруу юм. Хар нурууны оройгоор хурган цагаан үүлтэй, хурган үүлсийн доогуур хурын цагаан цастай, элсэн шаргал хормойтой, гүн ногоон эмжээртэй. Царцсан дөл шиг хар уулсыг арлаж ниссээр Өрөмчид газардлаа. Өрөмчид нэг цаг саатаад Карамай руу хөөрөв. Карамай нисэхэд дор хөврөх газар тэс өөр. Зах хязгааргүй элс, элсэн цөл тээр дор үргэлжинэ. Цаг орчим нисээд буулаа. Яг буух мөчид газрын төрх өөрчлөгдөж бут бургас, тэсэг шаваг, заг, хайлаас, тоорой зэрэг говь цөлийн модлог, бутлаг ургамал зонхилсон их хоолой, хөндий газар болж хувирав. Карамай бол Шиньжяны нэгэн өвөрмөц талст байна.
Шиньжян нутаг баян нутаг. Шууд утгаараа энэ хязгаарт асар их нөөц баялаг, өргөн уудам нутаг, байгалийн өвөрмөц тогтоц, намтар арвин түүх цадиг бий. Эхний уулзсан хүн Шиньжяны гурван эрдэнийг нэрлэв. Аяны хүн чи сонсож бай, би нэрлэе. Нэгд хар алт, хоёрт улаан шавар, гуравт алтан судалт хаш чулуу. Энэ гурав болбоос Шиньжяны гурван эрдэнэ гэвэй.
Гэвч, надад бол өөр бодол төрсөн. Шиньжяны гурван эрдэнийг би зориглон өөрийнхөөрөө нэрлэе. Мэдээж, эхэнд нь газрын тос гэдэгтэй санал нийлнэ. Карамай гэдэг хот бол газрын тосны өрхөн дээр 1958 оны 10 сарын 29-нд боссон, залуухан хот байна. Удаад нь гэвэл улаан шавар биш цагаан, ягаан яварын тогтоц, түүний үзэсгэлэн гоо, давтагдашгүй сайхан гэж Шиньжяны гурван эрдэнийн нэгд би нэрлэнэ. Гурав дахь эрдэнийг нэрлэхийн тухайд олон юмтай харьцуулах хэрэгтэй, олон үйл явдлаас төрсөн мэдрэмждээ тулгуурлах хэрэгтэй. Цөөн хоногт олон газар явж, олон хүнтэй уулзаж, олон үйл явдалд оролцсон би Шиньжяны гурав дахь эрдэнэ бол ХҮН юм байна. Монгол, хотон, уйгар, казак, хятад хүн бол Шиньжяны гурав дахь эрдэнэ юм байна гэж нэрлэнэ.
Шиньжяны нэг дэх эрдэнэ-Газрын тос
Цөөн хоног аялсан би улаан шавар, алтан судалт хаш чулуу хоёрыг үзмэрийн танхимд хальт хараад өнгөрөв. Хар алтны тухай бол газраас шүүрч буй лагалдсан хар тосонд долоовор хуруугаа дүрж, хамартаа ойртуулж үнэрлэн үзээд, аан, энэ чинь өнөөх нефть юм байна шүү дээ дээ гэх мэдрэмж тархинд зурсхийн орж ирэв. Машин тэрэгний моторын хуучин тос шиг лагалдсан зунгааралдсан хар тос байна. Шинэ үнэр, шинэ юм ч алгаа. Бидэнд бол танил мэдрэмж байна. Хэдийгээр Монгол нутагт, зүүн талдаа алдарт Тамсагбулагт газрын тос бий, өнөө ч соруулсаар, савласаар, зөөсөөр байгаа гэх боловч, дээхнэдээ Дорноговийн Зүүнбаянд билүү газрын тос олборлож байсан гэх боловч би хангайн хүн тул энэ тухай ойлголт үнэндээ байсангүй.
Их цөл дундах баянбүрд шиг энэхэн газар буй хот бол Карамай. КАРАМАЙ гэдэг бол уйгур үг байна. Кара гэдэг нь хар гэсэн үг аж. Мая юм уу май гэдэг нь тос гэсэн үг байна. Ингээд нийлэхээрээ ХАР ТОСОН юмуу ХАР ТОСТ гэдэг үг болох аж. Газрын тосны анхны худаг эндээс холгүй бий. 1955 онд эдүгээ Карамай хотын төв дүүрэг ойролцоо байх Хар тосон уул гэх жижиг довцгийн газрын тос шүүрч гарсан аж. Бид мөнөөх Хар тосон уул довцгийн оройд гарлаа.Чулуун хашлагатай зургаа долоон газар хар алтны жижиг цөөрөм байна. Дэргэд нь зогсоод ажвал өнөө ч газрын гүнээс хар тос зөөлөн оргилж, мэлийж тогтсон хар тосон цөөрөм дээр бөмбөлөг үүсгэн бөмбийх аж. Энд явган хүний замыг маш сайн тавьжээ. Газраас төө хэрийн өндөрлөж, модон зам жирийтэл тавьсан байна. Газрын гүнээс шүүрсээр буй тос хөрсөн дээр ил гарч ирээд, хаа сайгүй газрын хэвгий даган урссан тул хазгай гишгэхэд хар алтны лаг дотор шаахайгаа зоож орхих нь энүүхэнд. Халууныг хэлэх үү, нэтдээ газрын тос үнэртэж байв. Хар тосон уул компанийн үүд хаалга нь хүртэл нефть дамжуулах хоолойн хэлбэртэй, мэдэхгүй мань мэтийн хүн бол нээрээ энд олборлоод, үйлдвэр лүү дамжуулж байгаамуу гэхээр бодитой шийдэл хийсэн байна лээ. Мөн энд хашаандаа анхны өрмийн машиныг үзмэр болгон байрлуулжээ. Газрын тосны торхнууд угсарч хийсэн хэлбэртэй олон жижиг хаус байна. Нэг хаалгаар орвол торхноос торх дамжин явсаар нөгөө хаалгаар гарна. Торхон дотор олон жижиг лангуу байна. Энд газрын тостой хоблоотой бэлэг дурсгалын зүйлс, бүр тодруулбал дотор нь нэг дусал газрын тос савласан түлхүүрийн шилэн оосор, Чингис хааны хөрөгтэй архины сав /лүү/ байна. Энэ арьсан савны нэр, зориулалтыг мөшгөвөөс манайхаар бол борив, эсвэл тулам гэж хэлж болох юм. Энэ цөл газар ус гэдэг шар алтнаас ч, хар алтнаас ч үнэтэй. Нэгэн цагт энэ хязгаарын улс тэмээгээр цөл туулахдаа ийм тулманд ус хийгээд голоо дэвтээж явсан байж таарна. Харин эдүгээ Чингис хааны хөргөөр чимээд, бэлэг дурсгал болгон зарж байна.
Үүнийг үл нуршин хар тосны тухай, хар тос Карамай хотыг байгуулж, Шиньжяны гурван эрдэнийн нэгэн болсон тухай өгүүлье. Ингээд хар алтны аян эхэлж, төдөлгүй энэхүү газрын тосны өрхөн дээр Карамай хотын шавыг тавьжээ. Энэ бол 1958 он байжээ. Дэлхийд ганц хувь, зөвхөн газрын тосоор нэрлэсэн хот гэвэл Карамай хот юм. 490 мянган хүн амьдран суудаг Карамай хотын 2022 оны ДНБ-ий хэмжээ 118 тэрбум юаньд хүрч, хотын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 240 мянган юань болсон нь маш өндөр үзүүлэлт юм. Нэг хүнд оногдох ДНБ-ий энэхүү хэмжээгээр Ордос хотын удаад жагсаж, Хятад улсад хоёрт ордог байна.
Нисэх буудлаас шууд автобус хөлөглөн унаагаа сэлгэж цааш хурдны замаар давхилаа. Нүдэнд онцгой содон туссан нэгэн зураг цонхны цаана үзэгдэнэ. Энэ бол газрын тос олборлож буй олон зуун цооног, цооногоос нефть татан гаргаж буй өрмийн машин байна. Өрмийн машин гэж би нэрлээд байгаа болохоос биш чухам яг юу гэж онож хэлэхийг мэдэхгүй.
Манай Сандаг бол мөргөлчин шиг харагдаж байна гэв. Түүнээ батлах гэсэн мэт интернет ухаж, “Нээрээ, таны өрмийн машин гээд байгаа техникийг хятадаар орчуулбал мөргөлчин машин гэдэг юм байна” гэж сонирхуулав. Карамай хотын хаяанаас эхлээд мөргөлчин машин хэдэн мянгаараа зогсоо чөлөөгүй ажиллаж, хар алт олборлож байна.
Хотоос зүүн хойш 2 км газарт Хар тосон уул компанийн олборлолтын талбай бий. Эдний хувьд нэлээд онцлогтой юм байна. Хар тосон уулын олборлолтын талбай 0,2 га хэмжээтэй. Хамгийн гол нь газрын өнгөн дээр шахам, 13 метрийн гүнээс газрын тосоо олборлож, сул хайргатай холилдон гарч ирэх нефтийг чулуу шорооноос ялгаж авах технологи ашигладаг байна.
Энд Шиньжянд, тэр дундаа Карамай хотын газар нутаг дээр ажиллаж буй Шиньжяны газрын тосны компани бол Петро Чайна группийн харъяа, 50 мянган хүнтэй Шиньжяны газрын тосны хамгийн том компани юм. Тус компани Шиньжяны Жунгарын хотгороос газрын тос олборлодог. Жунгарын хотгор гэдэг нь монгол үгээр Зүүнгарын хотгор гэсэн үг л дээ. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх ээрэм тал, элсэн цөл.
Мөн Кармай хотын нефть, химийн компани гэж бас бий. Хятадын газрын тос, байгалийн хийн группын харъяа тус компани газрын тос нэрэх, газрын тосны гаралтай химийн бүтээгдэхүүн үйлдэрлэдэг. Жилдээ бензин шатахуун, машины моторын тос 5 сая тонн, мөн их хэмжээний цахилгаан станцын мазут, тосолгооны материал, хатуу хучилттай замын гол түүхий эд болох барагшин үйлдвэрлэдэг байна.
Анх энэ хязгаар нутагт газрын тос олборлож эхэлснээс хойших 50 жилд Карамай нутагт 376 сая тонн түүхий нефть, 84 тэрбум 760 сая шоо метр байгалийн хий олборлосон байх юм. Хятадын баруун нутагт анхны 10 сая тонны нөөцтэй газрын тосны орд ийнхүү Карамайд байгуулагдаж байсан аж. Жилийн дөрвөн улирал ажиллаж, хайгуул, өрөмдлөг, олборлолт хийх, газрын тос дамжуулах хоолой барих, нэрж боловсруулах, шатахуун үйлдвэрлэх, химийн бусад бүтээгдэхүүн гарган авах, агуулах сав барьж байгуулах зэргээр цогцоор нь хөгжүүлсэн бөгөөд Хятад улсын эрчим хүчний баруун талын нэгэн тулах багана болсоор иржээ. Карамай хот, Шиньжяны баруун бүс нутаг бол нэг талаараа газрын тосны орлого дээр босч өндийсөн, хөгжсөн төдийгүй Шиньжян, тэр дундаа Карамай хотыг Хятадын Дубай гэж нэрлэдэг байна. Ийм ч учраас газраас шүүрч буй хар алт, элсэн цөлөөс соруулж буй байгалийн хий, эдгээр баялгийг дагаж бий болсон гайхамшигийг харахуй газрын тос, байгалийн хий бол Шиньжяны гурван эрдэнийн нэг байна. Нэгэн цагт элсэн цөл байсан Карамай нутагт байгалийн баялгийн өгөөжөөр ойжуулах ажил эрчимтэй өрнөж,сүүлийн 16 жилийн дотор ойжуулсан талбай 20 дахин нэмэгдэж, ногоон бүрхэвч 43 хувьд хүрчээ. Дэлхийд ховор загийн шугуй, тооройн төгөл, хүний гараар ургаж төлжсөн мод бут, тариалангийн талбай онгоцны цонхоор ажихуйд тэртээ доор алаглан, номинтон, ногоорч үзэгдэнэ.
/Бидэрийн Баярсайхан/