Шиньжяны хоёр дахь эрдэнэ- Явар
2023-07-27 10:37:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хурц нартай, бүгчим халуун өдөр байв. Даалимбан дээлнээс хиншүү ханхалмаар тийм өдөр санж. Газрын хөрсөн дээр 50 градус давсан халуунд толгойгоо усаар шавшивч төдхөн хатаж, бүрзийсэн өрөвгөр үстэй амьтан болно. Жижгээр савласан ус авч, хоолойгоо норгонгоо хаяг шошгыг нь үзвэл галт наран бөмбөлөгийн наагуур нисч яваа үлэг гүрвэл, үлэг гүрвэлийн доогуур зах хязгааргүй үргэлжлэх явар, элсэн уул байна. Шиньжяны нэгэн талстыг энэ усны шошгоноос үзэж болох мэт санагдав.

Галвын тэртээ энд далай цэлэлзэж, тэнгэрт тулсан өвс ургамал найгаж, үлэг гүрвэлүүд хөлхөж, долоон эрдэнийн суварга адил сүндэлдэн сундалдан харагдах элсэн яварууд тэр цагт далайн ёроол байжээ гэж төсөөлөхүйд соньхон. Эдүгээ хуурай цагаан тоос пургисан ангамал хуурай цөл, тэнгэрийн хаяанд хуурмаг дүрсийг үзүүлэх илбэ зэрэглээ мэт, хувилгаан цагаан үүл мэт хачин соньхон төрхийг үзүүлэх цагаан яварын тогтоц зах хязгааргүй үргэлжлэх аж. Монгол нутагтаа Цагаан суварга, Алгуй улаан цав, Хэрмэн цавыг үзэж байсан. Гэвч Шиньжяны, тэр дундаа Урх хотын эргэн тойрон далай мэт хоосон цэлийж, тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэх энэ их цагаан явар бол Шиньжяны гурван эрдэнийн нэг, тэнгэрийн хишиг, бурханы бэлэг байна.

Явар, эртний далайн ёроол цав газрыг онцолсон нь Шиньжяны эдийн засгийн нэгэн тулгуур багана болох аялал жуулчлалын тухай өгүүлэх гэсэн хэрэг. Яг өдийд бол Шиньжяны Душань хавцалд 4188 км цаадах Шанхайгаас, 3000 км цаадах Чэндүгээс, 4433 км цаадах Гуанжөү хотоос ирсэн жуулчид дүүрэн байна. Карамай хотын 2022 оны аялал жуулчлаын орлого 5 тэрбум 289 сая юань болжээ. Гэхдээ л энэ нь өмнөх жилээсээ 26 хувиар буурсан дүн гэж байгаа. Ингээд бодохоор зөвхөн аялал жуулчлалаас жилдээ 7 тэрбум орчим юань олдог байх нь. Өнгөрсөн жил энэ цөл газар, энэ эрс тэс араншинт хязгаар нутгийг үзэх гэж 8 сая 822 мянган хүн зорьж иржээ. Зөвхөн Карамайд ирсэн жуулчдын тоо шүү. Гэсэн ч мөн л өмнөх 2021 оноосоо 22 хувиар буурсан үзүүлэлт байна. Зорьж ирсэн жуулчдын тоо, хүлээж байсан орлого буурсан шалтгаан мэдээжийн хэрэг тодорхой. Өнгөрсөн жил Хятад улс цар тахалтай холбож хатуу хориг тавьж, хүмүүсийн хөл хөдөлгөөн өөрийн эрхгүй хоригдсон байдаг. 

 

Өглөө эртлэн бид Душань хотоос баруун тийш гарсан Дуку замаар 10 гаруй км яваад, баруун хойшоо салж Душань хавцал тийш эргэв. Бидний орхисон Дуку зам бол шинэ зам аж. Душань хотоос 500 гаруй км явахад Шинжааны алс баруун хязгаарт Ду Чэ хот бий. Энэ хоёр жижиг хотыг холбосон автозам өмнө нь байсангүй. Эдүгээ замтай болжээ. Шинэ зам тавина гэдэг өнөө цагт Хятад улсад тийм ч анхаарал татах гойд шинэ юм биш. Хошуу, багийн төв хүртэл автозам тавьсан учир юу нь тийм сонин байв, яагаад энэ замыг шинэ зам гэж онцлов гэвэл учиртай. Душань хотоос баруун тийш хөтөлсөн энэ зам өнөөх алдарт Дуку замын эхлэл юм. Энэ зам цааш үргэлжилсээр, уулын эгц өндрийг хэжиж 100 гаруй км үргэлжлэх хэцүү бэрх хэсэг бий. Уулсын цавчим элгэн хадан хясаа, хадан энгэр, хавцал, ангалыг тойруулж тавигдсан маш эрсдэлтэй, хатуу бэрх зам  аж. Өмнө нь яг энэ замаар мөчид дөрвөн хөлтний мөр гарч байсангүй. Техникийн хүч, хүний хөлс, технологийн ололтыг нийлүүлж, хөрөнгө мөнгийг хаяж байж шинэ зам байгуулсан бөгөөд өнөө ч тэрхүү уулын замаар явахуйд цагт 25 км-ээс дээш хурдтай явж болдоггүй, хэцүү бэрх хэвээр. Душань хотын ДУ, Ку Чэ хотын КУ гэдэг хоёр үеийг нийлүүлэн энэ орчлонд шинэ зам тавьж, түүнийгээ Дуку зам гэж нэрлэжээ. Дуку замаар аялж, Шиньжяны баруун хязгаарт хүрвэл, хүний гараар бүтсэн ертөнцийн нэгэн гайхамшиг энэ бүтээн байгуулалтыг үзэж, дөрвөн цагийн турш уулсын сүрдэм байдал, давтагдашгүй гоо үзэсгэлэнг шагшин бахдах боломжтой аж.

Бид Дуку замыг орхиж, Душань хавцал руу эргэв. Душань гэдэг бол галт уулын нэр байна. Монголоор орчуулбал Тост уул гэсэн нэр аж. Энэ галт уул өнөө ч идэвхтэй байдаг юм байна. Галт уулын нэрээр энэ хавцлыг Душань хавцал, бидний хоноглосон буудалласан газрыг Душань хот гэдэг байна.

Душань хавцал бол хэдэн арван сая жилийн тэртээ далайн ёроол байж, ахиад хэдэн сая жилийн турш наранд шарагдаж, салхинд нүдүүлж, жаварт хөлдсөөр ирмэгтэй байсан нь мөлийж, эрэмгий байсан нь зөөлөрч, өтөл өвгөний нүүрний үрчлээ мэт түмэн сархиа болсон хар саарал явар, 300 орчим метр өндөр хавцал байна. Ёроолоор нь хар саарал хайрга дэвссэн мэт харагдах бөгөөд шинэхэн аж. Үерийн ус буувал хөөсрөн түрхрэн урсан оддог буй заа. Хавцлын төгсгөлийг харж, баримжаалж болсонгүй. Тахиралдан үргэлжилсээр нүднээс алсрав.

Арав гаруй автобус дүүрэн хүн, мөн олон тооны жижиг тэрэг харагдав. Лавтай биднийг аялж юм үзэж явахад тэр хавцалд 1000 орчим хүн байна гэж барагцаалав. Эдийн засаг сэргэж, дотоодын аялал жуулчлал жигдэрч, энэ жил гэхэд Карамайд зорин ирэх хүний урсгал огцом нэмэгджээ.

Хаврын баяр буюу цагаан сараар энэ нутагт 308 мянган хүн зочлон ирсэн байна. Энэ үе бол аялахад тийм ч таатай цаг биш, өвөл дөнгөж хуанли дээр халаагаа өгч байгаагаас бус урин цаг ирэх бас л яагаа ч үгүй байсан үе юм. Гэсэн ч 308 мянган хүн аялж, 175 сая юанийн орлого оруулж, орлого нь өмнөх жилээсээ 51 хувь өссөн байна. Монгол хүнд нэг тийм цагаан атаархуу зан байдаг даа. Энэ олон жуулчин миний монгол нутагт ингэж цутгадаг болоосой гэж бодно. Тэгвэл бас ч цөөнгүй хүний амьдрал сэвхийтэл босоод ирнэ дээ гэж. Гэхдээ ингэж сэвхийлгэхийн тулд эхний удаад энд ажиллаж буй хүмүүсийн найрсаг, шуурхай, үнэнч зан, жуулчдад ээлтэй бодлого хэрэгтэй л дээ.

Майн байр буюу 5 сарын 1-ний баярын гурав хоногт Карамайд жуулчид чухам цутгасан гэнэ. Гуравхан хоногт 682 мянган хүн зорин ирж, 424 сая юанийн орлого оруулж, орлого нь 70 хувиар өсчээ.

Карамайд аялал жуулчлалын салбарт 10700 хүн ажиллаж байна. Ирж буй жуулчид, олж буй орлогын дэргэд чамлахаар бага тоо шиг санагдав. Гэсэн ч тэд цөөддөггүй байна. Хаашаа л харна үйлчилгээний хүмүүс. Шуурхай, найрсаг. “Ам цангав” гэж Мягмарнаран гуай шиг хэлж дуусаагүй байхад май гээд ус авчирч өгөх, “Халууцав” гэж ам ангайнгуут хөтөлж аваачаад хүйтэн уураар үлээлгэж сэрүүцүүлдэг зам дээр гаргаад тавьчих жишээтэй. Аялал жуулчлалыг бүрэн утгаар нь дүүрэн хөгжүүлжээ. Бэлэг дурсгалын зүйлс харьцангуй хямд. Хавцлын зурагтай магнет, ойр зуурхан зүйлс сонирхон авч цааш хэд алхвал тохшилж гоёж чимсэн гурван тэмээ гангийн халуун наранд шарагдаж хэвтэнэ. Элсэн далайн хөлөг онгоц энэ тэмээг үзээгүй өмнөд нутгийн улс тэмээ унаж, буртантагнаас нь хөтөлж зураг хөргөө авахуулж байхтай таарав.

Хавцал руу буух дөрвөн зам байлаа. Эхний зам мэдээж шатаар буух. Хоёр дахь нь ган татлагаар тусгай суудлаар нисэх мэт хурдлан буух экстрим зам байна. Гурав дахь нь тусгай төмөр замаар чаргаар буух сонголт бий. Сандаг бид хоёр завь сонгов. Уулнаас усан завиар буулаа гэж үү? хэмээн та гайхаж магад. Тиймээ, усан замаар завь хөлөглөн буулаа. Сонирхолтой, адал явдалтай байв. Хавцалд буусан хойно казак залуус, уйгур охид хөвгүүдийн язгуур урлагийн хамтлаг тоглолт хийж буйг үзэж, хамтдаа зураг татууллаа. Казак залуус цагаан торгон өмд, хөх хилэн хантааз, хөх хилэн малгайтай. Уйгар охид хөвгүүд хээ хуартай бор торгон гоёмсог хувцас өмсчээ. Цоглог залуус жин үдийн их халуунд дуулж бүжиглэж, ирсэн гийчидтэй зураг хөргөө татуулсан шиг амсхийх завгүй хөдөлмөрлөж байна. Хэн их хөдөлмөрлөнө, тэр хүний амьдрал өөдөлж дэгжиж байдаг хойно, залуусын зөв. Хавцал дотор маш халуун байлаа. Ашгүй тэнд сэрүүцүүлэх зам  гэж байх юм. Тэр замаар алхахад хүйтэн сэрүүн уураар үлээлгэж өгнө. Түүгээр алхаж алжаасан биеийн ядаргааг түр тайллаа. Хавцлын хойно, баруун биед харагдаж буй уул бол хойшоо хараад зогсож буй хар хирс шиг соньхон төрхтэй уул юм. Энэ уулыг дур мэдэн Хар хирс уул гэж нэрийдэв.

Душань хотоос 200 км давхина. Энэ зуурт замын хоёр талаар газрын тос олборлож буй өрмийн машин хэдэн мянгаараа хоолой, хөндий дүүрэн ярайж байна. Эхлээд сонирхон тоолж явсаар сүүлдээ тоогоо алдаж санаа амрав. Энэ олон машины ихэнх нь өнөө ч газрын гүнээс хар алт соруулан гаргаж буй бөгөөд зарим нь цагийн эрхээр цооногийн нөөц шавхагдсан, машин өөрөө элэгдэж зогссон гээд олон шалтгаан бий гэнэ.

Нар шингэж байхад, үдшийн 22 цагийн орчим Урх хотод ирэв. Урх гэдэг нэр Урхи гэсэн монгол үг байна. Дундад зууны Багдадыг санагдуулам элсэн шаргал өнгөтэй, дөрвөлжин орой нь хана хэрмийг санагдуулам шүдтэй, хоёр давхартаа гарч алсыг харж болохуй харууц тагттай нэгэн загварын олон арван хаус байна. Энэ тухай тэмдэглэлийн дараачийн хэсэгт илүү тодорхой өгүүлэх тул ингэсгээд орхие.

Урх хотын баруун хойд довцог дээр өндөр гэрэлт цагаан цамхаг байв. Сансар судлалын музей бүхий цогцолбор, судалгааны төв юм байна. Цамхагийн цахилгаан шатаар дээш 64 метр өгсөж дээд тавцанд гарлаа. Өглөөний наранд Урх хот алган дээр тавьсан шиг ил. Энэ хот багахан шиг боловч шинэ, элсэн цөл, тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилсэн их цагаан явар дунд, яг баянбүрд шиг хэсэгхэн ногоон төгөл дунд баригдсан хот байна. Ногоон төглийн нэг хэсэг нь их цагаан явар дундуур урсах Улиастайн голын хөндий, тоорой, хайлаас голлосон өтгөн сайхан шугуй, үлдэх хэсэг нь хүний гараар бүтэж, наранд тэмүүлэн ургасан шинэ ногоон байгууламж, мод бут байна. Өнгөний зохирол гэж маягтай сайхан. Цав цагаан явар дунд сүндэрлэх хот, элсэн шаргал хаус хороолол, цэнгэг уст Улиастайн гол, ногоон шугуй.

Урх хотоос гарч, Улиастайн голыг нааш цааш хэдэнтээ гаталсаар, голын урсгалыг боож өргөсгөн бяцхан цөөрөм болгосон, жуулчид ирж хийлдэг завиар сэлүүрдэн зугаацдаг, голын өмнөд, хойд биеэр нэтдээ үргэлжлэх их цагаан явар дунд зургаа авахуулах гойд сайхан үзэмжтэй цогцолбор газар ирлээ. Энэ бол Шиньжяны хоёр дахь эрдэнэ цагаан явар шүү дээ.

Нар баруунаа ташжээ. Буцах болов. Одоо бид Урх хотын зүүн урд тал руу явна. Тэнд энэ нутгийн бас нэгэн сонин гайхамшиг тогтоц улаан яварын хөндий бий. Энэ газрыг Дэлхийн шулмын хот гэдэг байна. Албан ёсны нэр нь шүү. Би ямар нэгэн шинэ нэр зохиосон хэрэг биш. Карамай хотоос 106 км, Урх хотын бүсэд байдаг, 120 хавтгай дөрвөлжин км талбай бүхий байгалийн өвөрмөц тогтоц юм. Шулмын хотыг 2005 онд Хятадын хамгийн өвөрмөц, үзэсгэлэнт тогтоц бүхий байгалийн бүс гэж шалгаруулжээ.

Шулмын хот бол Хятад улсын 5А зэрэглэлийн газар юм. Энэ зэрэглэлд багтдаг газар орон бол нэн гайхамшигтай, өвөрмөц соньхон, давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй бөгөөд тийм өргөн дэлгэр, олон биш. Монгол хүнд хамгийн дөхмөөр ойлгуулбал дархан цаазтай, ариун дагшин газар гэж болно. Хөвсгөл далай, Хоргын тогоо, Ёлын ам шиг онцгой содон тогтоц бүхий газар юм.

ААААА зэрэглэлийн улаан яварын хөндий бол зах хязгааргүй үргэлжилнэ. Эрт цагт далайн ёроол байсан тэр хэлбэр төрхөө хэдэн сая жилийн турш хадгалсан  гайхамшигт тогтоц. Энэ их улаан яварын чуулган дотор Титаник онгоцны хэлбэртэй, Мьямарын алтан суварга, түүний алтан ганжирын төрхтэй, Төвөдийн Будалан ордон шиг байдалтай, Цагаан суварга шиг өнгө алагласан эгц цавчим сүрлэг олон арван, олон зуун төрх нүдний өмнө сүндэрлэнэ. Ийшээ ч харж зураг татуулмаар, тийшээ ч яарч очиж үзмээр газар. Шулмын хотыг 2006 онд гадны жуулчдын очих дуртай үзэсгэлэнт 50 газрын нэгээр нэрлэсэн бол, Шулмын хот эдүгээ Хятадын кино зураг авах 8 онцгой том баазын нэг болдог байна..

Энэ цөлд аялал жуулчлалын цогц үйлчилгээ, цогц төв байна. Галт тэрэг шиг олон чиргүүл чирсэн, эртний хуучин хийцтэй бүхэл бүтэн атобусны парк ярайж байх юм. Жуулчид дүүрлээ бол эхнийх нь дуут дохио хангинуулж, гэрэл дохио анивчуулсаар, цөл дунд зассан чулуун замаар хаазална. Таван минутад тойроод ирэх хэмжээний богино зам биш байна. Чулуун засмал зам энэ элсэн чуулбарын дундуур лавтайяа 10 гаруй км аялна. Титанакийн хажуугаар гарч, Алтан ганжируудыг тойрч, Будалан ордны хойгуур гарч, шингэх нарыг тольдож болохуйц хамгийн сайхан дэвсэг дээр ирж түр буудалллана. Жуулчид бууж, довцог толгойн өөд элс манарган гүйлдэж элсэн уул, яварын зураг, нарны зураг, тэнгэрийн зураг дарна. Гүйж, харайж, үсэрч, дүүлсэн зураг авцгаана. Өнөө цагт аппарат хэрэгсэл гэдэг нь хүнээс ухаантай шахам болсон хойно доо. Янзын сайхан зураг гарч таарна. Шулмын хот, Улиастайн голын хавцал дахь яварын тогтоц үнэхээр гайхалтай байлаа.

/Бидэрийн Баярсайхан/