Шиньжяны гурав дахь эрдэнэ-ХҮН
2023-07-28 09:00:15
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжян хүмүүсийн тухай би юу мэдэх билээ? Монгол, хятад, хотон, уйгар, казак хүмүүс хэрхэн айлсаж амьдардаг тухайд юу ч мэдэхгүй. Гэвч, чи мэдэхгүй юмныхаа тухай юугаа хүүрнэх вэ гэж үү? Энэ асуултанд хариулахын тулд нэгэн киноны тухай маш товчхон ярьж өгье.

“Хөхөө” гэж Оросын билүү, Финляндын билүү нэг кино бий. Нэг цаатан эмэгтэй гарна. Цөөвтөрхөн цаатай. Нөхрийг нь фашистууд туугаад явсан. Эргэж ирээгүй. Энэ бүсгүй киноны гол дүр. Дараагийн дүр фронтод тулалдаж буй орос цэргийн дарга. Аймшигт хэлмэгдүүлэлтийн золиос болж, фронтоос баривчлагдан ар тал руу хүргэгдэхээр машинд ачигдаж явтал их бууны сум тусаж машин онхолдож харгалзагч, жолооч хоёр үрэгдэж, мань эр элсэнд булагдаж амьд үлдэнэ. Мань орос эрийг цаатан бүсгүй олж гэртээ чирч ирнэ. Гурав дахь дүр бол оросын эсрэг байлдаж байсан бас л нэг үндэстэн, фин ч билүү, швед ч билүү. Бас л шархдаж ухаангүй хэвтэж байхад нь мөнөөх бүсгүй хэсч яваад олж, арайхийн чирч гулдарсаар авчирна. Ямар үндэстэн байх нь энд чухал биш.

Ингээд гурван өөр хэлээр ярьдаг, хоёр нь хоорондоо зэвсэг зөрүүлсэн дайснууд, бүсгүй нь нөхрөө алдсан зовсон амьтан. Нэг гэрт гурвуул амьдардаг. Гурвуулаа өөр өөр хэлээр өөр юм ярина, гэвч гурвуулаа буруу ярьсаар байвч зөв ойлголцсоор амьдрал үргэлжилнэ. Хөгжилтэй боловч нэг л сайхан үйл явдал гарна. Эцэстээ дайсагнагч хоёр эр эвлэрч, өөд өөдөөсөө зэвсэг барин боссон нь тэдний хэнийх нь ч буруу биш гэдгийг ойлголцож, тэр гурвын дунд хайр дурлалын оч үсэрч, хожим дайн дууссан хойно хоёр эр төрөлх нутгаа зорьж, цаатан бүсгүй хөл хүнд үлддэг. Хэнийх нь ч хүүхэд юм, тэр нь бас гол биш л дээ.

Юу хэлэх гэсэн бэ гэхээр хүн гэдэг бол хаана ч хүн л байдаг байна. Бид л ялгаж салгаж, зааглаж тусгаарлаад байдгаас биш  яс үндэс, гарал угсаа, хэл заншил, шашин шүтлэг ондоо хэрнээ хүн гэдэг хаана ч хүн л байдаг гэдгийг нэг хоёрхон үйлдлээс харлаа. Зөвхөн нүдэнд туссан өнгө төдийг ярьж буй хэрэг биш илүү тод мэдэрсэн гэх үү дээ. 

Урх бол Карамай хотын алслагдсан дүүрэг, дагуул хот байна. Төвдөө шахам, олон арван га талбай эзэлсэн амралт, аялал жуулчлалын цогцолбор хотхонтой. Хотхон гэхэд багадам, хотын доторх хот юм аа тэр цогцолбор нь. Эртний Багдад, Хорезмд элсэн цөлд боссон элсэн шаргал байшингууд кинонд гардаг даа. Яг тэр загвараар барьж байгуулсан зочид буудлын хаус хороолол юм. Энд бууцгаалаа, хүн бүр нэг давхар хаус буудалд оров.

Маргааш нь бид шинэхэн, сайхан хороололд ирэв. Зургаан давхар орон сууцнууд нэгэн том хашаан дотор эгнэжээ. Энд бид юу хийх ёстой вэ? гэж хөтөчөөс асуувал “Айлд орно” гэв. Айлд орж юугаа хийх билээ гэсэнд, “Ороод үээрэй” гэв.

Зургаан давхар ижилхэн, шинэхэн сайхан хороолол байна. Зорьж ирсэн учир нь айлд орох гэнэ. Ямар учиртай айл юм бол...?  Ингээд бид дөрвөн давхар гарцгаалаа. Өөд өөдөөсөө харсан хоёр хаалга нээлттэй. Нэг нь монгол айл байна. Өнөөх нь хятад байна. Таван давхарт гарвал уйгар айл байна. За ийм гурван айл хаяа хөрш, найртай амьдардаг юм байжээ.

Гэтэл мөдхөн учир тайлагдав. Эдгээр айлууд өмнө нь бидний байрлаж буй амралтын цогцолбор газарт өөрийн хашаа байшинтай, хувийн газартай, хувийн өмчтэй байжээ. Хаус хотхоныг барихын тулд айлуудыг нүүлгэн шилжүүлж, энэ тохилог сайхан зургаан давхарт оруулсан байна. Айл бүрийн байрны талбайн хэмжээ өөр. 100-140 метр квадрат талбайтай энэ байрыг өмчлүүлэх ажлыг хот хариуцсан юм байна. Газрыг нь чөлөөлүүлж хотхон барьсан компани эдгээр иргэдэд, тухайлбал энэ гурван айлд жил бүр газрын түрээс 60 мянган орчим юань төлдөг байна. Нэгд, тохилог байртай, хоёрт тогтмол орлоготой болсон энэ гурван айл амар жимэр, дутагдаж гачигдах юмгүй тайван сайхан амьдарч байна. Иргэд нь орон байртай, орлоготой. Компани нь зочид буудал, ресторан, үйлчилгээний төв бүхий цогцолбор байгуулж, энд олон зуун хүн ажиллаж, бидний мэт ирсэн явсан улсад үйлчилж цалинжиж байна. Карамай, Урх хот компаниас татвараа хураана. Цагариг ингээд битүүрлээ. Үгийн далимд өгүүлэхэд ийм. 

Хятад айл эгэл жирийн тавилгатай, уйгар айлын хөргөгч, хийн зуухнаас бусад нь хээ хуар, монгол айл гэр дүүрэн техник хэрэгсэлтэй /нуруу амраах массаны ор гэх мэт/ тохилог амьдарч байна. Газрын түрээсийн орлого амьдралын баталгаа болохын зэрэгцээ залуу улс нутагтаа амар тайван ажиллаж амьдрахыг хүсдэг. Тэд заавал их хот, Бээжин Шанхай рүү зүтгэх шаардлагагүй гэж ярьцгаана.

Үдэш боллоо. Нар тээр орой, барагцаагаар 22 цагийн нар орчимд шингэх юм. Хятад улс цагийн зөрүүг бүс болгонд тохируулдаггүй. Бүс болгон нэг л цагаар явна. Бээжинд өглөө 6 цагт нар мандаж, 20 цагт жаргаж байхад Карамайд 8 цагт нар мандаж, орой 22 цагт нар шингэнэ. Урх хотын төвд, өнөөх зочид буудлын цогцолбор газрын талбайд шөнийн гудамж, гудамж руу ордог баганат хаалганы өмнө галын наадам болов. Дуу хуур цангинаж, таван зүсийн улс бужигналдаж эхэллээ. Хөгшид настан, хүүхэд багачууд, залуус охид... Бас хятад, монгол, хотон, уйгар, казак хүмүүс. 

Тэмдэглэлийн эхэнд киноны тухай цухас өгүүлсэн дээ. Тэр эшлэлийг энд сануулах гэсэн юм. Энэ хязгаар нутагт ирээд миний хамгийн тод мэдэрсэн зүйл бол хүмүүс сэтгэл зүрх гэж нэг хэл байдгийг үзэв.

Хүмүүс бүжиглэж байна. Тайзан дээр хэдэн залуус доомбор тоглож байхад хятад монгол, уйгар, хотонгууд казак бүжиг бүжиж л байна. Монгол биелгээний аялгуу явж эхлэхэд өнөө хэд талбайн голд орчихсон хоёр мөр хаялж, казакз монгол хоёр настай эмэгтэй өөд өөдөөсөө алхаж, зөрж, эргэлдэж, хачин янз янзаар инээд хүрэм хөдөлгөөн хийж “биелж” л байна. Хятад эстрад дуу явуулахад уйгар хотон хүмүүс өөр өөрийн үндэсний хувцастай үсрэн дэвхцэж бас л  бүжиж байна. Үе өвдгөөр нь нугарчих шахсан хөгшид сандалд тухлаад талбайн өмнө захад харж суух юм. Галын наадамд ирсэн бусад улс, хүүхэд хөгшид, охид залуус цөм бүжиж сэтгэлийн цэнгэл эдэлж байнаа. Эдний бүжгийг урлагийн ямар төрөл багтаахыг мэдэхгүй, хэлж чадашгүй. Хөгжим, сэтгэл гэдэг нэг хэлтэй, бүжиг гэдэг урлагийн ганц төрөл зүйлд багтааж болох юм даа.

Өглөө болов. Дөнгөж нар мандаж байна. Цагаа харвал 8 цаг. Ингээд шинэ өдрийн хөтөлбөр эхэллээ. Буудлаас хөдлөөд, тав аравхан минут яваад нэлээд том хашаантай хороололд орж ирэв. Хороолол дотроо орж ирүүт жижиг хэрмэн хашаа, түүгээр орвол хашаанд нэг дор таван айл байна. Сонирхож явсаар, айл айлын хаалгыг татаж үзэв. Хятад айл байна. Монгол айл байна. Уйгар айл байна. Миний орсон тэр хашаанд лав ийм гурван айл байна. Монгол айлд зочлов. Торгон Түвдэн гэдэг настай эмэгтэй байна. Өмнө нь тариачин байсан, одоо энд хашаандаа жаахан жимс ногоо тарьдаг гэв. Хашааны хаалгаар оронгуут усан үзэм сагсайж, тоор, алим бөнжийж, өргөст хэмх, чинжүү, улаан лооль, хулуу ургаж байгааг харсан юм. Ганц Түвдэн гуайн цэцэрлэг биш гэнэ. Энэ таван айлын дундын цэцэрлэг байна. Бүгд нийлж хашаа хороогоо цэвэрлэнэ, бяцхан тариалангаа арчилна, оройн цагаар тойрч суугаад цайлна. Ингэж амьдардаг байна.

Өнөөдөр энэ хотхонд бас л хөл хөгжөөнтэй үйл явдал болох гэнэ. Түвдэн гуай ногоон торгон дээлээ өмсөж, хашааны найз уйгар авгайг сугадаад  явж өгөв. Том танхимд хөгжим нүргэлж, хүмүүс шуугилдана. Гадна талбайд нь шорлогны утаа багширч, хүмүүс энд банш чимхэж, тэнд гурилтай шөл хийж байна.Хоолны үзүүлэн шоу юм шиг.

Танхимд орвол олон ширээ эгнүүлэн засч хүмүүс сууцгаажээ. Миний танил Түвдэн гуай, уйгар авгайтай зэрэгцэн сууж байхыг харав. Тайзан дээр монгол бүсгүй дуулж, дууны аялгууцнд хүмүүс бас л навсганан, салбаганан бүжиглэцгээнэ. Өчигдрийн галын наадам дээр дэвхцэх нь дэвхцэж, биелэх нь биелж байсан улс дүрээрээ мөн. Сэтгэл гэдэг чинь хэлбэргүй, жаазгүй, жолоогүй эрхтэн. Надад навсганаж, салбаганах шиг харагдаж байвч энэ бүжиж буй энэ хүмүүст бол жигүүрээ дэлгэсэн шувуу эрх чөлөөний тэнгэрт нисч байх шиг аз жаргалтай санагдана. 

Сэтгэл гэдэг ганц хэл хүн төрөлхтөнд байдгийг ингэж үзэв. 

/Бидэрийн Баярсайхан/