Үдшийн Бээжин их сайхан. Даан ялангуяа хавар. Манай гэрээс холгүй, таван минут алхах зайд өргөн цэлгэр, битүү ногоон цэцэрлэгт хүрээлэн бий. Нэг удаа тасалбар авахад 10 юань. Ирээд удаагүй би нарийн ширийнийг мэдэхгүй, хямд төсөр аргаар амьдрах ухаанаа олоогүй байсан тул анх 10 юань төлж оров. Цэцэрлэгт хүрээлэнг бид мод бут гэж төсөөлдөг. За, үсрээд л зайрмагны мухлаг, хуушуурын ТҮЦ төдийгөөр ойлгодог. Энд тэгвэл өөр байв.
Хашаагаар оронгуут маш сайхан өргөн зам бий. Зам голоороо хуваагдсан, хоёр өөр өнгөтэй, хоёр өөр гадаргатай. Дугуйт тэшүүртэй хүүхдүүд хатуу цардмал талаар нь гулгаж явав. Хүрэн улаан өнгийн, барзгар зөөлөн гадаргуутай нөгөө хэсэг нь алхалтын зам. Би тэр зөөлөн замаар явлаа. Улаан өнгөндөө ч биш, зөөлөн резинин гадаргатай энэ замаар алхахад хөлийн ул өвдөхгүй. Шинжлэх ухааны үндэстэй эд шүү. Энэ замаар бүтэн тойрч алхахад 1080 метр болдог. Зуун метр алхаад нэг тэмдэглээ байна. Нар буруу тойрдог урсгалтай, за тэр юуны хамаа байхав.
Алхаж эхлээд эхний харсан баримал бол халим. Би бол баримал гэдэг, манай дүү нар шуумал гэж ярина. Цэцэрлэгт хүрээлэнгийн албан ёсны нэр нь Бээжингийн олон улсын шуумлын цэцэрлэгт хүрээлэн. Таньдаг, таньдаггүй маш олон баримал бий. “Таньдаг”-аас гэвэл алдартай эрдэмтэд Чарьлз Дарвин, Альберт Эйнштэйн, хөгжмийн зохиолч Фрэнц Лист, Бетховен, Бах, зохиолч Лев Толстой, барималч Огюст Роден, зураач Илъя Репин, ОУОХ-ы ерөнхийлөгч асан Самаранч, жүжигчин Чарли Чаплин, психоанализын эцэг гэдэг байх аа Зигмунд Фрейд нар “заларч” байна. Огт “танихгүй”-ээс гэвэл Мортон гэж “нөхөр” байна. Мэдээгүйжүүлэлтийн “эцэг” гэнэ. Америкийн эрдэмтэн юм байна. Юм байна гэдгийг тухайд, эдгээр шуумал, энд байгаа модод бүхэн QR кодтой. Тэрнийг уншуулахад утсан дээр англиар аудио бичлэг гарч ирнэ. Тэндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болдог юм. Дэлхийн парк болохоор нээрээ огт мэдэхгүй, сонсоогүй олон суут хүмүүсийн баримал байна.
Манай хажуугийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад олон улсаас нэртэй, алдартай барималчдыг урин цуглуулж хэдэн сарын турш эдгээр гайхалтай бүтээлүүдийг туурвиулжээ. Америк, Монгол, Орос... өөр ч олон орны барималчдын бүтээл байна. Бүгд л өөр өөрийн онцлогтой. Хятадын муж Шанхай, Шаньши, Шааньси, Аньхуй мужийн барималчдын бүтээл лав харагдана лээ. Тэднийг үзэж яваад нэгэн “дотно танил” таарав. Монгол улсын төрийн шагналт, уран баримал Ц.Амгалангийн “Зэрэглээ” гэдэг бүтээл. Их говийн үдийн их халуунд зэрэглээн дотор “эвдэрч”, салж нийлсэн тэмээний баримал. Гойд сайхан бүтээл юм. Цэвэгмидийн Амгалан бол Халх голын дайчдад зориулсан дурсгалын маш том цогцолбор хөшөөг барьсан хүн юм.
Эндээс хачин сонин шийдэл бүхий бүтээл олныг харж болох юм. Жишээ нь, “Бүтэхүй эвдрэхүй” гэдэг баримал байна. Энэ бол сэтгэлгээний бүтээл. Үй олон шоо эвлүүлж, нэг хэсэгт нь шоонууд задарч байхад, нөгөө хэсэгт нь таталцан нийлж байх юм. “Хаврын хөгжим”, “Нисч буй цэцэг” гэсэн барималуудыг харахуй Родены “Хавар” баримал санаанд орно. “Шувууг нисэлт дунд нь барь” гэдэг имперсионист арга барилаар бүтээжээ.
Цэцэрлэгт хүрээлэн 162 га талбай эзэлдэг. Олон арван төрлийн мод бут, хичнээн төрлийн ч цэцэг байдаг юм бэ. Цагаан холтост нарс, улиас, гүйлс, тоорын модод гэх мэт тоолшгүй олон янз бий. Энэ бүхнээс онцгой сэтгэгдэл төрүүлэх мод бол унжуу уд. Оросын цагаан хус шиг эгц шулуун уд модноос навчаар нэхсэн хөшиг унжуулсан шиг харагддаг.
Заавал дуулгаж сонирхуулах нэг цэцэг байна. Энэ бол замбага. Монгол ардын дуунд гардаг өнөөх замбага шүү дээ. “Зам дээр ургасан Замбага яагаан цэцэг, зам дээр яагаад ургаа вэ хө” гэж дуулдаггүй юу. Барималын хүрээлэнд 5 га талбайд 20 гаруй төрлийн 5000 ширхэг замбага цэцэг ургаж байгаа юм.
Ер нь Бээжинд ийм хэмжээний том талбайтай цэцэрлэгт хүрээлэн 360 бий. Нийслэл хотын нэг хүнд оногдох ногоон талбай 42,15 метр квадрат, нэг хүнд оногдох цэцэрлэгт хүрээлэнгийн талбай 16,3 метр квадрат. Нэгэнт тоо ярьсных сонирхуулаад хоёр гурван тоо хэлье.
Бээжин бол ногоон хот. Энэ их хотын нийт ногоон бүрхэвч 90 сая га. Энэ бол өвлөгдөж ирсэн баялаг, байгалийн бүтээл юм. Бээжин тойрсон их уул, алдарт Цагаан хэрэм орсон тэр бүс газар. Хүний гараар бүтсэн ногоон байгууламж 85 сая га болсон байна. Ногоон байгууламж гэдэг нь замын хажуу болон зам хоорондын тусгаарлах зурвас, хороолол доторхи ногоон талбай юм. Цэцэрлэгт хүрээлэн бол ногоон байгууламжаас тусдаа ангиллаар хэмжигдэнэ. Бээжинд цэцэрлэгт хүрээлэн 32 сая метр квадрат талбай эзэлнэ.
Манай хажуугийн цэцэрлэгт хүрээлэн манай гэрээс гараад 500 метр хүрэхгүй зайд бий. Хүмүүс гэрээсээ гараад 15 минут алхаад цэцэрлэгт хүрээлэнд очино. Оршин суугчдын 86,8 хувь ийм боломжоор хангагдсан байдаг. Бээжингийн 360 цэцэрлэгт хүрээлэнд очиход өглөө хүмүүс гүйж байдаг, үдэш бол иог хийж буй хөгшид, ушу, кунфу-ийн дасгал хийж байгаа залуус, саксафон тоглож буй хөгжимчин, бүжиглэж буй хүмүүстэй тааралдана.
Анх би 10 юаниар тасалбар авч оров, удалгүй нэг сарын тасалбар 15 юаниар авав. Шинэ он гарангуут 100 юаниар бүтэн жилийн билет авна.Бүтэн жилийн картаар Бээжинд өөр 16 цэцэрлэгт хүрээлэнд бас орох эрхтэй юм байна лээ.
Манай хажуугийн цэцэрлэгт хүрээлэн гэж нэг ийм газар байдаг даа.