Зүүн хойд Азийн залуу бизнес эрхлэгчдийн форум болов
2023-08-24 22:47:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын залуучуудын холбоо, Гирин мужийн ардын захиргаанаас хамтран “Инновац ба хөгжил, хамтран ажиллаж, хамтдаа хожих” уриан дор зохион байгуулсан Зүүн хойд Азийн залуу бизнес эрхлэгчдийн форум 8 дугаар сарын 24-ний өдөр Чанчүнь хотноо зохиогдлоо. Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын байнгын нарийн бичгийн дарга, Хятадын залуучуудын холбооны орлогч дарга Шүй Шяо, Гирин мужийн засаг даргын орлогч Лян Рэньжэ нар Хятад, Япон, БНСУ, Монгол, Орос зэрэг орны хамтын ажиллагааны байгууллага, залуу бизнес эрхлэгчдийн зэрэг 200 гаруй төлөөлөгчийн хамт форумд оролцжээ.

Шүй Шяо хэлсэн үгэндээ, Зүүн хойд Ази нь дэлхийн хамгийн эрч хүчтэй бүс нутгийн нэг юм. Сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азийн орнууд дэд бүтцийн холболтоо эрчимжүүлж, хамтын ажиллагаа хурдтай хөгжиж, шинэ түвшинд гарлаа. Иймд улс орнуудын залуу бизнес эрхлэгчид улам нээлттэй байр сууриас бүс нутгийн ажил хэрэгч хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж, шинийг эрэлхийлэн, бүс нутгийн инновацыг хөгжүүлж, эв нэгдэлтэй хамтын ажиллагаагаар Зүүн хойд Азийн хөгжил цэцэглэлтийг ахиулахыг уриалж байна гэжээ.    

Гирин мужийн засаг даргын орлогч Лян Рэньжэ хэлэхдээ, Гирин муж нь  газар зүйн байршлын хувьд Зүүн хойд Азийн төв хэсэгт оршдог бөгөөд “Бүс ба зам”-ын умардад нээлттэй хөгжих чухал “цонх” байж, автомашин, хөдөө аж ахуйн нэрийн боловсруулалт, эко аялал жуулчлал, эрүүл мэнд, нефть химийн аж үйлдвэр, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цахим мэдээлэл холбоо зэрэг салбарт хөгжлийн давуу талаа хадгалсаар ирлээ. Зүүн хойд Азийн эдийн засаг, худалдаа, технологи, боловсон хүч зэрэг олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг ахиулахыг залуу бизнес эрхлэгчдэд уриалж байна гэв.  

Түүнчлэн Зүүн хойд Азийн улс орнууд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь өөрсдийн орны хөгжилд ач тустай төдийгүй бүс нутаг, тэрчлэн дэлхийн эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Залуу бизнес эрхлэгчид Хятад-Зүүн хойд Азийн экспогоор индэр болгож, нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагаагаа тэлж, хамтын хөгжилд хүрэхийг хүсэж байна гэж форумд оролцсон залуу бизнес эрхлэгчид хэлж байлаа. 

Форумын үеэр "Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Залуу бизнес эрхлэгчдийн Чанчүний тунхаглал"-ыг нийтэлж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төсөл танилцуулах, залуу бизнес эрхлэгчдийн тусгай сэдэвт ярилцлага,  онцлог ажил төрлийн салбаруудтай танилцах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.