Шар дугуй ба ногоон ирээдүй
2023-08-25 09:59:21
Share
Share this with Close
youtube WeChat

Манай гэрийн цонх урагшаа зам руу харсан, шалнаасаа тааз хүрсэн уужим цэлгэр. Өглөө нар мандахыг харжээ, хэсэгхэн саатаж зогсдог юм. Яг өдийд нутаг минь бас л өглөө болж, “Дархан манай тусгаар улс...” гээд төрийн дуулал эгшиглэж байгаа даа. Ингэж бодож зогстол яг тогтсон цагт, өглөө бүр 7 цагт манай цонхны харалдаа дээхнэ үеийн “Талхны машин” шиг төмөр мухлагт машин ирж зогсоно. Цагаан бээлийтэй жолооч хархүү машинаас баахан шар дугуй буулгана. Дугуй, мопед зогсох тэмдэглээтэй зурваст шар дугуйг ирийтэл өрчихөөд яваад өгнө. “Талхны машин”-д ахиад ч олон дугуй бий, тэднийг дараачийн өртөөн дээр буулгахаар яарна.

Яарахад учир бий, мөдхөн ажлын цаг эхэлнэ. Яарсан, адгасан олон хүн гудамжинд дүүрнэ. Тэдний цөөнгүй нь ийм шар дугуй жийгээд метроны буудал, зарим нь ажил руугаа жирийлгэнэ. Урин дулааныг хэлэх үү, өдийд бол шар дугуйтангууд гудмаар нэг жирэлзэж байна. Богино бичвэрийн эхэнд хоёр тоо сонирхуулъя. Энэ тоог үзэхэд ерөнхий баримжаа харагдана. Бээжинд 2021 оны эцэст 955 мянга 900 шар дугуй нийтийн хэрэглээнд ашиглаж байжээ. Энэ бол бараг нэг сая дугуй гэсэн үг.  Бараг шүү, бараг л НЭГ САЯ. Бээжин хотын төвд зам дээр гарах дугуйн тоог 800 мянгаас хэтрүүлж болохгүй гэсэн шийдвэр байдаг байна. Иймээс 955 мянган дугуйны 160 мянга орчим нь захын дүүргүүдийн зам дээр явж байгаа гэсэн үг.

Өөр нэг сонирхолтой тоо байна. Өнгөрсөн 2022 оны сүүлийн хагас жилд 143 “этгээд” шар дугуй унах эрхээ хасуулжээ. Жолооны үнэмлэх энэ тэр шаарддаг уу гэж үү. Мэдээж үгүй. Гэхдээ мань аваргууд дугуйг  заасан зогсоолд тавиагүй, энд тэнд хааш яйш хаясан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь бүртгэгдсэн тул “эрхээ хасуулсан байна” Яаж эрх хасах вэ гэж үү? Дугуй унах эрхгүй болсон этгээдийн гар утасны АПП шар дугуйн QR кодыг унших боломжгүй болно гэсэн үг.    

Дугуй унах, дугуй хэрэглэх хэв маяг бол л хятад хүмүүсийн амьдралын олон соёлын нэг болоод уджээ. Үйлдвэрлэж, угсарч буй дугуйгаараа хятадууд дэлхийд тэргүүлнэ. 2021 онд 76,4 сая, 2022 онд 77,5 сая дугуй үйлдвэрлэсэн. Энэ онд 78,5 сая дугуй үйлдвэрлэх төлөвтэй байгаа юм. Ийм их дугуйг үйлдвэрлээд, өөрсдөө л унаад байдаг гэж та бодно уу? Бас л тийм биш. Хятад бол унадаг дугуйн хамгийн том үйлдвэрлэгч төдийгүй хамгийн том экспортлогч орон юм. 2021 онд 69 сая дугуй экспортлосон. 2022 онд 76,3 сая болж өссөн. 2023 онд 85,6 саяыг экспортлох төлөвтэй байна.

Ийм их дугуй үйлдвэрлэж, угсардаг улс дугуй унаж буй хүнийхээ тоогоор мэдээж хол тасархай түрүүлнэ. Өнгөрсөн онд зөвхөн Бээжин хотод 937 сая хүн шар дугуй унаж, ажил төрлөө амжуулжээ. Мэдээж давхардсан тоогоор шүү дээ. Зарим хүн өдөр бүр унасан гэж тооцвол 365 удаа гэсэн тоо гарч таарна. Ер нь бол, ямар ч байсан өдөрт дунджаар 2,8 сая хүн шар дугуй жийдэг статистик байна. Тиймээс соёл гэх үү амьдралын хэв маяг гэх үү,  ямартай ч дугуй бол хятад хүний амьдралын нэг хэсэг мөн.

Манай цонхон дор буулгасан энэ шар дугуй Бээжин хотод бараг нэг сая орчим бий гэж дээр өгүүлсэн. Түрээс нь хямд, бэлэн зэхээний ийм их дугуй байхад заавал дугуй худалдаж авах, арчлах маллах шаардлагагүй болчихож байгаа юм. Олон юм нуршаад яахав. Шар дугуйг хэрхэн яаж ашиглаж болох талаар дэс дараачлан өгүүлбэл ийм.

Би гэрийн гаднах зогсоолоос нэг дугуй унаж метроны буудал оръё. Эхлээд гар утасны АПП уншуулна. Шар дугуйны суудлын ард QR код бий. Уншуулангуут дугуйн түгжээ тайлагдана. Ингээд л боллоо. Манайхаас метроны буудал хүртэл 10 минут явах зайтай. Би энд ирлээ, дугуйгаа орхиод цаашаа метронд сууна. Дугуйгаа яах вэ гэж үү? Зүгээр л тэнд нь орхино. Дугуйн түрээс цагийн 1 юань. Би цааш метрогоор явж  буугаад гарцаар гарахад шар дугуйнууд харуулын цэрэг шиг жагсаж угтана. Тэндээс ахиад нэг дугуй “юүлж” унаад давхина. Очих газраа хүргээд мөн л тэнд нь орхино.

Энд тэнд орхиод яваа миний шар дугуйг маллах хүн гэж бас байнаа. Энэ бол шинэ ажлын байр юм. Хятад улсад сүүлийн жилүүдэд ийм шинэ ажлын байр олон бий болжээ. Зөвхөн метроны буудалд төдийгүй, ер нь энд тэнд хураагдаж бөөгнөрсөн дугуйг дутагдаж буй хэсэг рүү зөөвөрлөж “эргэлтэнд” оруулна. Зөвхөн шар дугуйг өдөржин нааш цааш зөөж, бөөгнөрсөн газраас, дутагдсан хэсэг рүү зөөвөрлөх хүмүүс. Үүний төлөө тэд цалин авч, амьдралаа залгуулдаг. Энэ бол хэн ч анзаарамгүй ажил шиг атлаа маш олон хүний эрүүл амьдралд үйлчилж буйн жишээ. Олон хүн шар дугуй унаснаар, тэр хэрээр маш тэр тооны яндангаас гарах хорт утаа “ТЭГ” болж цөөрнө. Нүүрстөрөгчийн ялгаралтыг багасгаж, ногоон хөгжилд оруулж байгаа бодит хувь нэмэр гэж хэлж болох юм.

       Улаанбаатарт цахилгаан скүтэрийн түрээс бий болсон гэж сонслоо. Эхэндээ ч яахав алдаа оноо бий л байх. Хулгайлаад явчих, эд ангийг нь эвдэх, тонох гээд сөрөг юм гарч таарна. Гэхдээ тууштай байвал нэг л өдөр Бээжингийн шар дугуй шиг нийтийн хэрэглээ болж хотын түгжрэл, хорт утааны эсрэг бодитой ажил болж чадах юм. Бодууштай нэг зүйл анзаарагдсан, тэр нь юу вэ гэвэл хүмүүсийн аюулгүй байдал. Скүтэр бол дугуйнаас илүү бэртэж гэмтэх, амь насаа ч алдаж мэдэх эрсдэлтэй гэж бас үзэх боллоо. Саяхан европын нэг орон цахилгаан скүтэрийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байна лээ. Энэ юу хэлж байна вэ гэвэл зориулалтын тусгай зам шаардана гэсэн үг.

Гэснээс шар дугуй анх Бээжинд нутагшихад бас л чамгүй зовлон амсаж байжээ. Дугуй үйлдвэрлэгчдийн бизнесийг хаах, борлуултанд эрс нөлөөлөх том аюул занал болсон тул тэд шар дугуйг бөөгнүүлж, ачиж аваачаад нууцаар далайд хаях, хэмхлэж устгах зэргээр “дайтаж” байсан гэдэг. Хамгийн гол нь иргэдэд хэрэгтэй, хэрэглэхэд амар, хямд төсөр нийтийн унаа болгохоор тууштай ажилласны хүчинд эдүгээ шар дугуй  Бээжингийн иргэдэд хонины морь шиг зүтгэх болжээ.

       Хятадад жил бүр хот сууринд 13 сая ажлын байр бий болдог гэсэн статистик байна. Тэрхүү 13 сая дотор шар дугуй ачиж буулгаж, зөөж тээж Бээжин хотын иргэдэд үйлчилдэг энэ хүмүүс бас багтаж байгаа юм.

/Бидэрийн Баярсайхан/