“Эрээн-2023” форумын олон өнгө
2023-09-01 17:00:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хойд хилийн гол боомт Эрээн хотод зохиогддог Хятадын олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын форум цар тахлын гурван жил өнжөөд энэ жил 11 дэх удаагаа болж Хятад, Орос, Монгол гурван хөршийн 400 гаруй компани, 2000 хүн оролцож байна. Оролцогчдын тоо, үзэсгэлэнгийн талбай, хэлэлцүүлсэн сэдэв, гэрээ үзэглэсэн үнийн дүн зэрэг олон үзүүлэлтээр Эрээнд зохиогдсон урьд жилүүдийн форумын амжилтыг давсан рекорд боллоо гэж албаны эх сурвалжид онцлон дурдаж байв.

Эрээн хотод 2016 онд Эрээн хотын форумд зориулж бүтэн цогцолбор барьж ашиглалтад оруулжээ. Энэхүү цогцолборын гол танхимд сүрлэг сайхан нээлт боллоо. Морин хуурын дөмөлзсөн аялгуу, морин туурайн бөмбөрдсөн хөг хэмнэлээр эхэлж, залгаад “Түмэн газрын цайны зам” дуугаар үргэлжлэв. Айраг цэгээ шуугьсан алтан намрын өдөр Хятад, Монгол, Орос хөрш орнууд оролцдог, Хятадын олон улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын “Эрээн-2023”форум ийнхүү эхэллээ.

Үзэсгэлэнгийн 60 мянган метр хавтгай дөрвөлжин талбайд үзэсгэлэнгийн 7 танхим, 500 лангуу ажиллуулж байна. Монгол улсаас 150 компани, хувь хүн бараа бүтээгдэхүүнээ дэлгэж байна гэж МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн өгүүлж байв.

Эрээний форумыг хятад, монгол худалдан авагчид, бизнес эрхлэгчид аль аль нь хүсэн хүлээдэг байна. Гурван жил завсарласан тул энэ жил хүмүүс маш их яарч, сайтар бэлдэж ирсэн, зохион байгуулалт маш сайн байна гэж өгүүлцгээж байв. Энэ жилийн нэг онцлог гэвэл Эрээний үзэсгэлэн худалдааны дараа Монгол Хятадын экспо Хөххотод залгаад болох тул монголоос бараа, бүтээгдэхүүнээ чирч ирсэн хүмүүс тэндээсээ шууд Хөххотыг зорино гэцгээв. Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг таниулах, гадагш гаргахад Өвөр Монгол бол стратегийн тэргүүлэх ач холбогдолтой зах зээл учир Эрээн болоод Монгол Хятадын экспог МҮХАҮТ чухалчилж, монголын үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маш их ач холбогдол өгдөг гэдгийг олон зүйлээс харлаа.

Лангуу хэсэж, монголоос ирсэн бараа бүтээгдэхүүн явж сонирхов. Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн зонхилдог байх гэж төсөөлж байв. Гэтэл үнэндээ монгол хүн маш олон юм хийдэг, хийж чаддаг, түүнийг нь хил дамнуулан мэддэг эрж сурдаг болсон байна. Доргоны тос, чацарганы тос, чацарганы цэвэр шүүс, Сэнгүр пиво, Чингис архи, Зөв аарцны үрэл, ундаа, найруулдаг хуурай аарц, еэвэн, жигнэмэл боов, жигнэмэг, чихэр, гутал, хувцас, ногт чөдөр, арьс ширэн бэлэг дурсгал, монгол зураг гээд маш олон бараа нүд хужирлаж байна.

За мэдээж, ноос, ноолуурын лангуу олон байна. Ноолуурын олон ч үйлдвэр байдаг байна. Эхэндээ бид ноолуурын үйлдвэрийг Говь, Буян хоёроор төсөөлдөг байв. Сүүлхэнд нь Гоёо, Эвсэг, Сор гээд мэдэх юм. Үнэндээ Монголд ноолуурын үйлдвэр их сайн хөгжсөн аж. Цамц, малгай, өмд, даашинз, оймс, дээл загвар загвараар, өнгө өнгөөр, хэмжээ дамжаа нь бас олон янз байна. “О&M” компанийн лангуунд ноолуурын үндсэн өнгө болох бор, бор шаргал, шаргал өнгөөр дагнасан бүтээгдэхүүн зонхилжээ. Өмд, малгай маш сайн зарагдаж байна гэж худалдаа хийж буй эмэгтэй Оюунаа ярьж байв.

Хөдөөх, өвгөжөөр эрийг Дашзэгвэ гэнэ. Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас зорьж ирсэн. Эрээний экспод анх удаа орж буй гэв. Дашзэгвэ гуайн лангуу маш өвөрмөц байлаа. Уламжлалт аргаар элдсэн эр хар суран татлага, аргамж, бугуйл, хазаар, ногт, чөдөр, олом, жирэм, давхар олом, ганзага сур өрж тавьжээ. Өвгөнтэй ойр зуурхан хууч хөөрөв. Манай нутаг бол сурыг аарцны шар сүүнд гандаж шүүддэг. Харин мань эр огт ганддаггүй гэнэ. Идэш хийсний дараа өвлийн өдрүүдэд ширээ зүсэж, үсийг нь хурц тонгорогоор хусч аваад, өөрийн нутгийн уламжлалт аргаар шүүсийг нь эгшээж, гэртээ тээрэмдэж элддэг байна. Увсын хар суран бугуйл хийдэг аргаас өөр гэж байна. Төв халх монголчуудын сур, арьс шир ганддагаас өөр аргаар элддэг гэлээ. Суран эдлэлийн зэрэгцээ бяцхан ногт, чөдөр, ташуур урлаж сувинерын багц олныг хийж авчирчээ. Эрээний хэрэглэгчдэд өнөөхөндөө хараахан танигдаж амжаагүй суран эдлэлийг хүмүүс сонирхож л байна. Чөдөр ногт барьж үзэж, үнэрлэж, бас жаахан ярвайж байгаад буцааж тавьж харагдана. Харин бэлэг дурсгалын багц нь дажгүй хөөрхөн зарагдаж байна. Хол газар, хоймор нутгаас зорьж ирсэн өвлөн уламжлагч Дашзэгвэ суран эдлэлээ аваад Хөххотын экспог зорино доо гээд додигор сууна.

За харин нэг гулгаж тэшсэн эртэй таарав. Таарах ч юу байхав, мань эрийн зарж буй цутгамал гуулин шатар, мөнгөн бүрмэл цацал, халбага сэрээ их сонирхол татсан тул зорьж очиж танилцав. Дуутан урлангийн захирал Баярхуяаг гэнэ. Том жижиг олон шатар байна. Нэг шатар онцлов. “Болдлоггүй бор өвгөн” гэж монгол ардын үлгэр бий еэ дээ. Тэр үлгэрээр хийсэн шатар гэнэ. Цагаан талын ноён нь Болдоггүй бор өвгөн гэнэ. Нисдэг бор морь нь жигүүртэй, нисдэггүй бор морь далавчгүй. Долоон бор хонь, хундан цагаан нэг хурга нийлээд шатрын найман хүү болно. Дүрс болгон ганц хувь, давтагдашгүй аж. Хар талын ноён нь үлгэрт гардаг Хан хурмаст аж. Хан хурмастын хоёр луу, хоёр чөтгөр, хоёр чоно бүгд хос тэмдэгт дүрсүүд болох морь, тэмээ, тэрэг аж. Юутай ч энэ бол “хөөрхөн сэтгэсэн” эд байлаа. Халбага сэрээний иж бүрдэл байна. Мөнгөөр өнгөлсөн, 12 сэрээ, 12 халбагатай аж. Чухам яагаад халбага сэрээг арван хоёр жилийн амьтны дүрс оруулан ганц хувь хийж иж бүрдэл болгосон байна. Хийсэн зүйлс нь сонирхолтойн дээр, мань эрийн арилжаа хийж буй, бараагаа рекламдаж буй, түүх домогтой сүлэлдүүлж буй, уран сэтгэж буй нь “гойд”. Энэ яриад байгаа нь ч худлаа л даа гэж эргэлзсэн хэрнээ би сонссоор л байлаа. Над шиг ингэж сонссон хүн авч л таарна. Тэр ч бүү хэл Баярхуяаг, гуулин цацлаа үзүүлж, “Энийг Монгол улсын ерөнхийлөгч айлчлалдаа зориулж авсан. Францын ерөнхийлөгчид очих бэлгэнд орж байгаа” гэв. Жаахан хэтийдсэн үү гэж эргэлзсэн ч, нээрээ юуны магад даа гэж бодлоо.

Гутлын лангуу байна. Монгол загвартай, ориг арьсан гутал, булигааран гуталнууд хэмжээ дамжаа, хэлбэр хийц, эрэгтэй эмэгтэй, хүүхэд том хүнийх гээд чухам олон янзаараа байна. Хижээл насны Ганболд гэдэг шар хүн ярьж байна. Ах нь Эрээний экспод 11 удаа оролцож байна. Нэгч жил алгасаж үзээгүй. Цар тахлын гурван жил хүлээлээ. Энэ жилийн экспог зохион байгуулалтын хувьд маш сайн болж байна гэв. Бараа нь угаасаа сайн зарагддаг гэнэ. Манай гуталд реклам хэрэггүй л гэж байна. Вичатаар асууж сураглаад, зураг хөргийг нь авч өгөлцөөд наймаа хийчихдэг гэнэ. Хөххотын экспод явах уу гэсэнд үгүй ээ гэж байна. Энэ удаад ах нь захиалга ихтэй. Яаралтай буцна. Эрээний экспо худалдан авагч сайтай байдаг болохоор энийгээ алдахгүй санаатай зорьж ирсэн. Манай гутлыг энд, Өвөр Монголд дуурайлгаж хийж үзсэн байна лээ. Чанар, хийц, материал нь шал өөр юм болохоор хүмүүс надаас авъя гэж захиалдаг гэв. Хөнгөн, чийг татахгүй, үнэр гарахгүй, оёдол сайтай, эдэлгээ даах бөх гутал хийдэг гэж ярив. Олон ч хүн ирж үзэж байна, намайг харсаар байтал хоёр гутал зарчихлаа.

Энэ мэтээр лангуу бүрээр яваад, үзээд, ярилцаад байвал хүн бүр л өөдрөг сэтгэлтэй, урмын үгтэй байна. Нэг зүйл анзаарагдсан нь төлбөр тооцоо хийхэд асуудал байнаа. Зарим монгол худалдаачид вичат, вичат allpay байхгүй болохоор мөнгөө авч чадахгүй гацах тохиолдол байв. Би нэг лангуунаас Зөв брэндийн хуурай аарц авлаа. Мөнгийг нь өгөх гэтэл QR код уншуулъя гэтэл болдоггүй. Хэд хэдэн лангуугаар явж байж, өөр хүний QR код уншуулж тооцоо хийв. Үлдсэн хоёр монгол хоорондоо тэгээд учраа олсон буй заа. Эрээний экспогийн эргэн тойрон, хүмүүстэй ойр, амьдрал буцалсан танхим ийм дүр зурагтай.

“Эрээн-2023” худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын форум таван салбар хуралдаан хийв. Эндээс онцгойлох нь “Адуун аж ахуйн тухай ярилцаа” нэртэй салбар хуралдаан байв. Монголоос нэртэй төртэй хүмүүс иржээ. Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн, яруу найрагч, морины зураач, адуу судлаач Ай.Төмөр-очир хоёр адууны аж ахуй салбар хуралдаанд оролцов. Олон л асуудал яригдлаа. Товчхондоо бол адууны соёлыг хадгалах, хамгаалах, түгээх гэдэг нэг том асуудлыг олон талаас нь мухарлаж байна. Адууны цэвэр үүлдэрлэг чанарыг хадгалж үлдэхийн тулд паспортжуулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв. Адууны гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн яаж, экспортолж, эдийн засгийн эргэлтэнд оруулахав. Дэл, сүүл, арьс шир, сүү, саамыг хэрхэн яаж боловсруулахав. Орос Монгол Хятад гурван улсын аль улсад нь үүнийг хийвэл хэн хэндээ илүү ашигтай байхав гэдгээ ярилцав. Мөн тэрчлэн адуу дагасан аялал жуулчлалыг хэрхэн яаж хөгжүүлэхэв гэдэг сэдвээр нэлээд удаан хэлэлцэнэ билээ. Эмээл, хазаар, дөрөө зэрэг адууны эдлэл хэрэгслийг хэрхэн яаж инноваци шингээж үйлдвэрлэхэв, хэрхэн яаж бизнес болгож хөгжүүлэхэв гэж ярилцлаа. Адуу, адууны соёл, адууны эдийн засгийн ашиг, адуу дагасан аялал жуучлал, морин тойруулга байгуулах, хилээр адуу гаргаж оруулах, солилцоо хийх зэрэг маш олон сэдвийг нэгтгэвэл “АДУУ ТОЙРСОН ЯРИА” гэж томъёолж болмоор санагдав. “Эрээн-2023” форумын үеэр яригдсан эдгээр олон сэдэв мөдхөн ажил хэрэг болох гарцаагүй. Ажил болохын цагт монгол адууны удмын сан, өв соёлын олон зүйлийг хадгалж үлдэх, түгээх, үнэ цэнтэй болгох боломж бүрдэх юм билээ. Морийг зөвхөн уралдуулахын тулд биш унаган байдлаар нь авч үлдэхэд энэ форумын хэлэлцүүлэг бодит зүйл болно гэдэгт итгэнэ.

“Эрээн-2023” форум дэд бүтцийн бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, худалдах, тээвэр логистик, импортын бараа бүтээгдэхүүн, цахим худалдаа гээд маш олон сэдвээр салбар хуралдаанууд дээр ярилцав. Форумын өндөрлөж хэвлэлийн бага хурал хийлгэхэд Хятад, Монгол, Орос гурван улсын дунд хэрэгжих 16.3 тэрбум юанийн үнийн дүнтэй 22 төсөл, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай мэдээлж байлаа.

/Бидэрийн Баярсайхан/