БНХАУ-ын Худалдааны яам, Монгол улсын ХХААХҮЯ, ӨМӨЗӨ-ны засаг захиргаа хамтран зохион байгуулж буй Хятад Монголын худалдааны дөрөвдүгээр экспо өнөөдөр Хөххотод нээлтээ хийлээ.
Дөрөв хоног үргэлжлэх экспод гадаадын 35 улс, Хятадын орон нутгийн 27 төлөөлөл, нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Мөн ӨМӨЗО болон төв Азийн таван орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны симпозиум, Хятад Монголын ХАА, МАА, ногоон хөгжүүлэлт, шинэлэг эко бүтээгдэхүүн танилцуулга, “Түмэн газрын цайны зам” сэдэвт олон улсын соёл, аялал жуулчлалыг танилцуулах хурал болно. Түүнчлэн Хятад, Монгол, Оросын соёлын солилцооны үзүүлбэр, тоглолт, Торгоны зам дагуух улс орны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн амжилтын үзэсгэлэн, 2023 оны Өвөр Монголын идээ ундааны соёлын долоо хоног зэрэг 10 гаруй тусгай арга хэмжээ, дагалдах үйл ажиллагаа болох ажээ.
Хятад Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр дагуу зохион байгуулж эхэлсэн Хятад Монголын экспо энэ жил дөрөв дэх удаагаа амжилттай болж байна. Өмнөх гурван экспод Монгол, Зүүн хойд Ази, АСЕАН зэрэг 40 гаруй улс, бүс нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдийн албан ёсны төлөөлөгчид оролцож байжээ. Өнгөрөгч хугацаанд тус экспогийн үеэр 270 тэрбум гаруй юанийн үнийн дүнтэй хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны 444 санамж бичигт гарын үсэг зурж байсан юм.