Хятад-Монголын IV Экспо ба түүний ач холбогдол, цар хүрээ
2023-09-06 14:26:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад-Монголын 4 дэх удаагийн экспо БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы нийслэл Хөххотод есдүгээр сарын 6-ны өдөр “Нээлттэй байх шинэ хэв маягийг хамтдаа бүрдүүлж, хөгжлийн шинэ боломжуудыг хуваалцахуй” уриан дор эхэллээ.

Хөрш хоёр орон хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал платформ болох энэ экспо-г талууд хоёр жил тутамд хийсээр ирсэн ч Ковид-19 цар тахлын улмаас 2019 оноос хойш зохион байгуулж чадаагүй байсан юм. Тиймдээ ч энэ удаагийн экспо нэлээд хүлээлт өндөртэй, өмнөх гурван экспотой харьцуулахад цар хүрээний хувьд харьцангуй өргөн дэлгэр болж байна. Мөн энэхүү экспо нь БНХАУ болон Монгол Улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр өгөөж өгөөд зогсохгүй бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Статистик мэдээнээс үзвэл, өнгөрсөн гурван удаагийн буюу 2015, 2017 болон 2019 онд болсон экспод БНХАУ, Монгол Улсаас гадна Зүүн хойд Ази, АСЕАН-ы орнууд зэрэг 40 орчим улс орон, бүс нутгийн албан ёсны төлөөлөгчид, 10 мянга орчим аж ахуйн нэгж, 30 мянга орчим зочид хамрагдаж, нийт 444 хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын хэмжээ 270 тэрбум юань давжээ.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэгдсэнээр, энэ удаагийн экспод Монголын талаас 500 орчим компани оролцож байна. Өмнөх гурван удаагийн экспод Монголоос хөнгөн аж үйлдвэрийн компаниуд түлхүү оролцож байсан бол энэ удаад хүнс үйлдвэрлэгчид олноороо оролцож байгаа юм. Монгол Улс бол өргөн уудам газар нутагтай, бэлчээрийн мал аж ахуйтай орон. Тус улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулахын тулд уламжлалт салбар болох хүнс, хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэж байна. Тодруулбал, Монгол Улс нь бэлчээрийн өвс ургамлаар хооллодог малын мах, сүү сүүн бүтээгдэхүүн, чацаргана гэх мэт хүнсний органик бүтээгдэхүүнүүдний дэлхийн хоёр дахь том эдийн засаг бөгөөд Монголын экспортын гол зах зээл болох Хятад улсын том зах зээлд нийлүүлэхийг зорьж байна. Энэ зорилгоо илүү бодит ажил хэрэг болгож, бүтээгдэхүүнүүдээ Хятадын хэрэглэгчдэд таниулахад Хятад-Монголын экспогийн оруулах хувь нэмэр мөн асар их юм.

БНХАУ нь анх 1999 онд Монголын худалдааны хамгийн том түнш болсон бөгөөд тэр цагаас хойш энэ байр сууриа хадгалсаар өдийг хүрээд байна.

БНХАУ болон Монгол Улс хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилгодоо 2021 онд хүрсэн бол өдгөө 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Уг зорилтод хүрэхийн тулд энэ экспо шиг талуудын хамтын ажиллагааг урагшлуулж, идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах нэн чухал ач холбогдолтой.

Монголын Үндэсний статистикийн хорооны мэдэгдсэнээр, тус улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар нэмэгдэж, 11.8 тэрбум ам.долларт хүрсэн. Дурдсан хугацаанд Хятад улс нь Монголын гадаад худалдааны хамгийн том түншийн байр сууриа мөн хадгалж, нийт гадаад худалдааны 73 хувийг эзэлсэн байна.

Түүнчлэн экспогийн хүрээнд явуулдаг илүү үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байна. Талууд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны яармаг, чуулга уулзалт, аялал жуулчлал, хоол хүнс, солилцооны үйл ажиллагаа зэргийг зохион байгуулж байна. Тэгэхээр энэхүү экспо нь талуудын аж ахуйн нэгжүүдийн хувьд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, борлуулаад зогсохгүй харилцан туршлага солилцож, ногоон хөгжил, инновац, техник технологи зэргийн шинэ ололт амжилтуудаа хуваалцаж, хөрөнгө оруулалт татаж, бизнесийн шинэ түншүүдтэй болох зэргээр практик хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан боломж юм.

Г.Солонго