Хятад Монголын худалдааг шинэ шатанд гаргасан экспо
2023-09-12 11:12:50
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд Хөххотод зохиогдсон Хятад Монголын дөрөвдүгээр экспо нь хоёр улсын худалдааны харилцааг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулаад зогсохгүй “Бүс ба зам”ын улс орнууд, Зүүн хойд Азийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Хятадын их зээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах онцгой томоохон индэр болж чадсаныг экспогийн зочид төлөөлөгчид дуу нэгтэйгээр батлан зөвшөөрлөө.

2015 оноос эхлэн хоёр жил тутамд уламжлал болон зохиогдож байсан тус арга хэмжээ нь цар тахлын хоригтой он жилүүдэд тасалдаж дөрвөн жилийн дараа дахинтаа сэргэсэн нь Хятад Монгол хоёр орны худалдаа эдийн засагт эерэг нааштай үр дүн авчирсан юм. Энэ үеэр Хятад Монголын төр засгийн холбогдох удирдлагуудаас гадна бизнесийн түншүүд бие биетэйгээ нүүр учран золгож тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудаа ширээ тойрон хэлцэж, цаашдын зорилт хөтөлбөрүүдээ ярилцан, зарим нэг хэлэлцээрт гарын үсэг зурсаны зэрэгцээ худалдаа эдийн засгийн тусгай форумуудыг албан ёсоор зохион байгуулж ч амжлаа. Мөн дээрх хугацаанд тээвэр ложистикийн асуудлаас зогсонги байдалд ороод байсан экспорт импортын асуудлуудыг ч цэгцэлж, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд, Хятадын барааг Монголд танилцуулах том хэмжээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь аль аль талдаа амжилттай болж хэрэглэгч, худалдан авагчид ч баяр хөөртэй байцгаав.

Мөн жил ирэх тусам хүрээ цараа нь нэмэгдсээр байгаа тус экспод энэ жил гадаадын 35 улс орон, Хятадын улсын орон нутгийн 27 төлөөлөл нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан нь төсөөлж байснаас давсан томоохон амжилт болжээ. Монголын талаас 500 аж ахуйн нэгж экспог зорьж ирсэн байна. ӨМӨЗО-нд шинээр байгуулагдсан хурал үзэсгэлэнгийн ордон хэмээх 92 мянган ам метр ашигтай талбайтай асар том байгууламжид үзэсгэлэн худалдааг улс орон, муж, орон нутгаар нь төрөлжүүлэн гаргаснаас гадна экспог дагалдсан арга хэмжээнүүд, тухайлбал ӨМӨЗО болон төв Азийн таван орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны симпозиум, Хятад Монголын ХАА, МАА-н ногоон хөгжүүлэлт, шинэлэг эко бүтээгдэхүүнийг танилцуулах ажиллагаа, “Түмэн газрын цайны зам” сэдэвт олон улсын соёл, аялал жуулчлалыг танилцуулах хурал, Хятад, Монгол, Оросын соёлын солилцооны үзүүлбэр, тоглолт, Торгоны зам дагуух улс орны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн амжилтын үзэсгэлэн, 2023 оны Өвөр Монголын идээ ундааны соёлын долоо хоног зэрэг маш олон сонирхолтой эвэнтүүд болж өнгөрөв.

Дашрамд дурдахад, Монгол, Хятадын худалдааны хэмжээ 2022 онд 12 тэрбум 200 сая ам.долларт хүрсэн нь анх удаа 10 тэрбум ам.долларын босго давсан үзүүлэлт болж байсан юм. Харин ирэх таван жилд хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх шинэ зорилт тавиад байгаагаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан экспогийн үеэр ярьж байлаа.

ятад Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохион байгуулж эхэлсэн Хятад Монголын экспо бүс нутгийн нь олон улсын худалдаа үйлчилгээний томоохон индэр болж хүрээ цараагаа өргөтгөсөөр байгааг энэ жилийнх дахинтаа нотоллоо.

Б.Занданхүү