Ханжөүгийн Азийн наадмын онцлох сонин хачин
2023-09-22 15:37:03
Share
Share this with Close
youtube WeChat

Ази тивийн төдийгүй дэлхийн хамгийн том спортын арга хэмжээнүүдийн нэг болох Азийн наадам БНХАУ-ын зүүн нутгийн Жөжян мужийн төв Ханжөү хотноо 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-нд болох гэж байна.

Азийн наадам БНХАУ-д гурав дахь удаагаа болох гэж буй нь энэ. Өмнө нь 1990 онд Бээжин хотноо, 2010 онд Гуанжөү хотноо болж байсан юм. Ингээд та бүхэнд Ханжөү хотноо болох гэж буй Азийн 19 дүгээр наадам чухам юугаараа онцлог болохыг хүргэе.

Хамгийн олон оролцогчтой наадам

19 дэх удаагийн Азийн наадамд нийтдээ 45 улс орон, бүс нутгийн 12,527 тамирчин оролцоно. Ингэснээр тус наадам нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогчтой наадам болж байна.

И-спортоор “анхдагч”

Азийн наадмын албан ёсны медальт тэмцээн уралдааны тоонд и-спорт /Esports/ анх удаагаа багтлаа. Ингэснээр Ханжөүгийн Азийн наадамд и-спортын долоон төрлөөр залуус өрсөлдөнө.

Хамгийн “ногоон” наадам

Ханжөүгийн Азийн наадам нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн ногоон буюу байгаль орчинд хамгийн ээлтэй наадам болж байна. Учир нь тус наадмын бүх дэд бүтэц болон тэмцээн уралдаан болох цэнгэлдэх хүрээлэнгүүд бүгд ногоон буюу сэргээгдэх эрчим хүч ашиглаж байна.

Ногоон эрчим хүчнээс гадна наадмын тоног төхөөрөмж, тээвэрлэлт, хүргэлтийн үйлчилгээнд байгальд орчинд ээлтэй технологиудыг өргөнөөр ашиглажээ. Тухайлбал, тус наадамд ашиглах бүх тээврийн хэрэгсэл нь цахилгаан машин байна.

Мөн Ханжөүгийн Азийн наадмын хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнд ус дахин боловсруулах системийг нэвтрүүлжээ. Жишээлбэл, Фүян усан спортын төв нь борооны усыг дахин боловсруулах системтэй болсноор сард 1000 тонн ус хэмнэх боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, сарын хэрэглээнийхээ 35 хувийг дахин боловсруулсан усаар хангадаг болжээ.

Хамгийн “ухаалаг” наадам

Аж ахуйн нэгж, инновацийн төв гэгддэг Ханжөү хотын хувьд Азийн наадам нь том өгөгдөл, хиймэл оюун ухаан, 5G сүлжээ, виртуал бодит байдал зэрэг хотынхоо хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг дэлхий нийтэд харуулах цонх болж байна.

Тус наадмын үеэр тамирчид, зочид чирэгдэлгүйгээр үйлчилгээ авах олон төрлийн дижитал аппликейшнуудыг ашиглах боломжтой. Тухайлбал, тэнд хэн ч бэлэн мөнгө ашиглах шаардлагагүй, гар утсаараа төлбөр тооцоогоо хийх бүрэн боломжтой.

Хүмүүсийг гайхашруулах өөр нэгэн дэвшилтэт зүйл нь магадлан итгэмжлэлийн карт аж. Оролцогчид арга хэмжээнүүд болох газрууд руу нэвтрэхийн тулд баркод уншуулах, эсвэл өөр ямар нэгэн байдлаар өөрийгөө нотлох гэж бичиг баримт үзүүлэх шаардлагагүй. Дотогш нэвтрэхэд шууд тухайн хүний зураг, мэдээлэл гарч ирнэ.

Анхны автомат жолоодлоготой автобусны маршрутыг тэнд нээжээ.

Аюулгүй байдлыг хангах үүднээс автобуснуудыг HD камер, лазер радар, миллиметр долгионы радар, хэт авианы радар, байрлал тогтоох системээр тоноглосон байна.

“Смарт” буюу ухаалаг наадам зохион байгуулах Ханжөүгийн өөр нэгэн хүчин чармайлт нь дижитал бамбар буухиалах хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг гар утастай хэн бүхэнд бамбарын буухианд оролцох боломжийг олгосон байна.

Зохион байгуулагчдын хэлснээр, энэ оны 6 дугаар сарын 15-нд эхэлсэн дижитал бамбар буухиалах хөтөлбөрт 100 сая гаруй хүн хамрагдаад буй юм. Энэхүү дижитал бамбар буухиалах хөтөлбөр нь 9 дүгээр сарын 23-нд буюу наадмын нээлтийн ёслолын үеэр болох дижитал гэрлийн шоугаар өндөрлөх юм.

Г. Солонго