Ханжөүгийн Азийн XIX наадмын нээлтийн ёслол 9-р сарын 23-ны орой боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жэжян мужийн төв Ханжөү хотноо болж буй Азийн наадмын нээлтийн ёслолд оролцож, наадам албан ёсоор эхэлж буйг зарлалаа.
Үүний дараа Ханжөүгийн Азийн наадамд улс орон, нутаг дэвсгэрээ төлөөлөн оролцож буй баг тамирчид нээлтийн ёслолд оролцохоор цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ.
Азийн Олимпын зөвлөлийн /OCA/ тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ража Рандхир Сингх нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, Ханжөүгийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос /HAGOC/ тивийн спортын томоохон арга хэмжээг бэлтгэн зохион байгуулахад оруулсан хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэв.
“Та бүхэн Азийн наадамд гайхалтай сайхан бэлтгэжээ. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон нь OCA-гийн түүхэнд урьд өмнө байгаагүй тохиолдол байсан хэдий ч та бүгдийн хичээл зүтгэл, зоримог шийдэмгий байдал нь ирэх 16 хоногт үр өгөөжөө өгч, Азийн наадмыг хамгийн гайхамшигтай бөгөөд амжилттайгаар зохион байгуулсан гэх алдар нэрийг хүртээх болно” гэж Р.Сингх онцлон тэмдэглэжээ.