Умардын усан хотхон Губэй
2023-10-07 10:14:18
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн Ми Юнь дүүргийн Губэй суурингийн Сыматай тосгонд Губэй хэмээх усан хотхон бий. Аялал жуулчлалын энэ үзэмжит бүс нь Хятадын өмнөд нутгийн алдартай усан хотхон У Жэний өвөрмөц хэв маягтай төстэй тул умардын усан хотхон хэмээн нэрлэжээ.

Губэй усан хотхон буй энэ тосгон Бээжингийн хотын төвөөс 140 шахам км зайтай. Уул усаар хүрээлэгдсэн энэ газрын цаг агаар тохилог, хурдны автозам, хот хоорондын төмөр замаар холбогдсон тул ирж очиход тун дөхөм. Энд аялал жуулчлал, амралт, худалдаа үзэсгэлэн, соёлын бүтээмж гээд олон зүйлийг нэгэн дор төвлөрүүлсэн бөгөөд үйлчилгээ дэд бүтэц, өвөрмөц онцлогоороо олон улсын аялал жуулчлал, амралтын бүс болж хөгжсөн байна.

Ирсэн жуулчид тосгоны арын ууланд буй Мингийн үеийн эртний барилга болох Сыматай цагаан хэрэмд гарч болно. Онгоц завиар аялахаас гадна сүлжилдсэн олон жижиг гудамжаар алхлан Юаньтун суварга, эртний дарс нэрмэлийн үйлдвэр, будах гар урлал,  эртний номын хүрээлэн, барилга цогцолбор гээд олон зүйлтэй танилцаж болох юм.