Зүүн хойд Африк, Адены булангийн баруун эрэгт оршдог Жибути нь “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтад оролцсон орон юм. Африк дахь анхны Лү Баний цех яг энд байрладаг.
Тяньжиний Төмөр замын мэргэжлийн технологийн дээд сургуулийн багш Ян Шяодань 2018 оны үеэр Жибутид Лү Баний цех байгуулахаар бэлтгэж байсан дурсамжаа одоо ч санаж байна. Жибути дахь Лү Баний цехийн төслийн нээлтэд Лү Бань ирж оролцох уу хэмээн Жибутын ажилтнууд асууж байсан гэдэг.
Лү Баний цех гэдэг Хятадын эртний уран дархны нэрээр нэрлэгдсэн юм. Мэргэжлийн боловсролын туршлага, тэргүүний тоног төхөөрөмжийг Жибути улсад оруулж нутгийн залууст мэргэжлийн ур чадвар эзэмшихэд нь туслах зорилготой. Ши Жиньпин дарга 2018 оны есдүгээр сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Африкийн залуучуудад мэргэжлийн ур чадвар олгох зорилгоор Африкт Лү Баний 10 цех байгуулна" гэж зарласан юм.
Жибути улсын Либан Фоуад Осман гэдэг залуу багадаа төмөр замын хажууд байнга хөл бөмбөг тоглодог байсан бөгөөд түүний зүрх сэтгэлд "төмөр замын мөрөөдөл" байсаар иржээ. Жибути дахь Лү Баний цех нь төмөр замын чиглэлээр элсэлт авч байгааг сонсоод Либан Фоуад Осман бүртгүүлжээ. Нутгийн мянга гаруй залуус бүртгүүлж, сонгон шалгаруулалт явуулсны дүнд Осман эхний ээлжийн 24 сурагчийн нэг болсон байна.
Эдүгээ Хятадын их дээд сургуулиуд Ази, Африк, Европын эх газрын улс орнуудтай хамтран Лү Баний хорь гаруй цех байгуулаад байна. Хятадын уран дархны ур чадвар, үзэл санааг өвлөн уламжилж буй мэргэжлийн боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагаа нь Либан Фоуад Османтай адил олон залуусын мөрөөдлийн замыг гийгүүлж байна.