2023 оны 10-р сарын 26-ны 11 цаг 14 минутад Жөүчуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс "Шэньжөү-17" сансрын хөлөг тээвэрлэсэн "Чанжэн-2F" зөөгч пуужин хөөрч, 10 минутын дараа хөлөг пуужингаас салж, товлосон тойрог замдаа оржээ.
Сансрын хөлөг тойрог замд орсны дараа төлөвлөгөө ёсоор сансрын станцын үндсэн модультай автомат горимд хурдан залгагдаж, сансрын станцтай автоматаар холбогдож, Шэньжөү-16 сансрын хөлгийн нисэх багийнхантай халаа солио хийх болно.
Сансрын станцад ажиллаж амьдрах хугацаандаа Шэньжөү-17 сансрын хөлгийн нисэх багийнхан олон удаа задгай сансарт гарч, бичил таталцлын үндсэн физик, сансрын материал судлал, сансрын биологийн шинжлэх ухаан, сансрын анагаах ухаан, сансрын технологи зэрэг олон туршилт хийж, сансрын бүхээгийн дотор гаднах тоног төхөөрөмжийг угсрах, турших, засварлах зэрэг олон үүрэг гүйцэтгэх болно. Одоо сансрын станцын үндсэн модуль холбогдоход бэлэн байгаа бөгөөд Шэньжөү-17 сансрын хөлөгтэй холбогдон, сансрын нисэгчийг хүлээн авах нөхцөлөө бүрдүүлсэн аж.